Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна


Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

 

УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин нар уулзалтын үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцож, Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Үүний дараа сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзав. Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсан юм.

Мөн айлчлалын хүрээнд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцав. Энэхүү боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.