Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болж байна


Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болж байна

 

Сургуулийн жилийн эхэнд жил бүр зохион байгуулагддаг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.

Энэхүү цугларалт нь Зэвсэгт хүчний 2018-2019 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлох чиглэлээр зохион байгуулагдаж байна.

Цугларалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2015 онд байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны мотобуудлагын бригад буюу Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагын удирдлага, захирагч, дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын харьяа Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Цэргийн ангийн Байлдааны туг нь цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

 

Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, тавигдсан байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэй юм.

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчаар бригадын генерал Л.Гансэлэм ажиллаж байна.

 

 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.