Онцгой байдлын ерөнхий газрын харьяа харуул хамгаалалт өндөртэй цэргийн анги гэж хэлж болох салбараас өнгөрсөн наймдугаар сард 60 гаруй кг мөнгөн ус алдагджээ. БОАЖЯ-ны харьяанд байсан, одоогоос хоёр жилийн өмнө ОБЕГ-т шилжүүлсэн, тус газрын Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад 120 гаруй кг мөнгөн ус хадгалагдаж байдгийн тал нь ийнхүү алга болсон гэдгийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжууд хэлж буй юм.
Энэ талаар тус байгууллагаас "өнгөрсөн наймдугаар сарын 20-доор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агуулахаас их хэмжээний мөнгөн ус алга болсныг шалгаж байна. Хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа мэдсэн. Тухайн үед хаалга үүд бүрэн бүтэн, цоож нь ч гэмтээгүй байсан. Ганцхан өөрчлөгдсөн зүйл нь лацны дугаар тэмдэглэгээ юм билээ. Тэнд байгаа мөнгөн усны ихэнхийг цагдаагийн байгууллагад шалгаж буй эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураасан. Шүүх, прокурорын шатанд хэрэг нь очоогүй байхад ийм явдал болсон” гэжээ.
Тухайн үед тагнуул, цагдаа, мэргэжлийн байгууллагаас агуулахад тооллого хийж 60 гаруй кг мөнгөн ус алга болсныг тогтоожээ. Улмаар гурван харуулынх нь нэг нь лацны дугаар өөрчлөгдсөнийг мэдэж хууль сахиулахын байгууллагад хандсан бөгөөд нөгөө хоёр нь юу ч мэдээгүй хэмээж буй юм байна.
Сэтгэгдэл