Ирэх жилийн төсвийг батлах хугацаа ойрхон байна. Гэхдээ энэ төсвийг зайлшгүй хянах, дахиж хэлэлцэх шаардлагатай хэмээн эдийн засагчид сануулж байгаа юм.
Тодруулбал, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлэх экспортын бүтээгдэхүүнээ хэрхэн төсөөлсөн бэ гэдэгт эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж буй. 2019 оны улсын төсвийн төсөлд "Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх.
Ирэх онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурван хувиас давахаар байгаа тул хуульд заасны дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон. Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,222.2 ам.доллар, нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 75.9 ам.доллараар тооцлоо” гэжээ. Ингээд уг төсөлд ирэх жил 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлоно хэмээн тусгасан байгаа юм.
Дэлхий нийтээр түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж буй энэ үед өнгөрсөн жилүүдийнхээс давсан хэмжээний нүүрсийг экспортлох боломжгүй гэж харж буйгаа эдийн засагч судлаачид хэлж байсан. Гэхдээ Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн бөгөөд энэхүү хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байна. Улмаар гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснээр боломж бүрдэнэ хэмээн төсвийн төсөлд тэмдэглэжээ.
Эдийн засагч Б.Лакшми "Дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээгүй атлаа нүүрснээс олох орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн байгаа нь харагдлаа. Өнгөрсөн жил 33.4 сая тонн нүүрс экспортлосон. Энэ жилийн тухайд эхний есөн сарын байдлаар авч үзвэл 27.4 сая тонныг гаргажээ. Гэтэл ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь хэт ойлгомжгүй байгаа юм. Дээрээс нь нүүрсийг худалдаж авдаг гол хэрэглэгч нь урд хөрш. Хятад улсын тухайд түүхий нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж байгаа. Тэгэхээр ирэх жилийн төсөвт эргэж харах зүйл олон байгаа юм” гэлээ.
Энэ мэтчилэн хөөстэй төсвөөс улбаалан төсвийн алдагдал гээчид "базуулчихдаг” нь улиг болжээ. Хэрэв энэ хэвээр баталчихвал ачааны хүндийг үүрдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих вэ гэдгээ тайлбарлах учиртай.
Сэтгэгдэл