Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал өглөө 08.15 цагт эхэлсэн бөгөөд 14:15 цагт өндөрлөх юм. Тэрбээр манай улс дахь айлчлалаа өндөрлүүлээд Бээжин рүү нисэх аж. Түүнтэй хамт ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн ажилтан, Элчин сайд, цэргийн атташе нар хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Монголд буусныхаа дараа Оросын үнэн алдартны сүмд зочилсон байна. Үүний дараа Батлан хамгаалахын яаманд ажиллав.
С.К.Шойгу нь 10 жилийн дараа Монголд дахин айлчилж байгаа нь энэ юм.
Айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
Айлчлалын үед Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд мөн оролцсон юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардууллаа.
Сэтгэгдэл