Одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр 2000-2004 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байдаг. Тэр үед тухайн үеийн МАХН, одоогийн МАН парламентад 72 суудал авч, үнэмлэхүй олонх болж байлаа. Гэвч тэд нам дотроо хагаралдаж, зарим нь Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаярынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж эхлэхэд мань эр гишүүн бүрийн тойрогт нэг, нэг сая төгрөг хуваарилж, Ерөнхий сайдын суудлаа авч үлдсэн гэдэг.
Тэгвэл Намбарын хүүгийн эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой нэг сая төгрөгийг өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таван тэрбум төгрөгөөр үргэлжлүүллээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд гишүүдийн тойрог бүрт тав, таван тэрбум төгрөгийг тусгажээ. Тэрхүү таван тэрбум төгрөгийг гишүүд өөрсдийнхөө сонгогдсон тойргийнхоо сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хүүхдийн тоглоомын талбай зэргийг барьж, засварлахад эсвэл авто зам, ахмадууддаа гарын бэлэг өгөх гээд хүссэнээрээ зарцуулах эрхтэй аж.
Эдийн засгийн хүндхэн цаг үеийг туулж яваа өнөө цагт "гишүүний мөнгө" гэх нэрээр тав, таван тэрбум төгрөгийг тойрог тус бүрт нь хуваарилж, түүнийгээ ирэх оны төсөвт тусгаж өгсөнд олон нийт төдийгүй Монгол Улсын төрийн тэргүүн хүртэл шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.
Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа "огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна" хэмээн тодотгожээ.
Түүнчлэн "Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй" хэмээн ярьж, байр сууриа илэрхийлсэн байна.
УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн даруйдаа Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэдийгээр ирэх оны төсөвт энэ мэт зарим нэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөрхөн /2018.10.18/ төсөвт тодотгол хийхгүй гэдгээ хэлсэн. Ямартай ч Н.Энхбаярын эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой нэг сая төгрөгийг өнөөгийн Засгийн газар таван тэрбум төгрөгөөр үргэлжлүүлж, төсөвт тусгаад байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл