Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын Оюунлаг сургуулийн удирдлага, хамт олон хүйтний эрч чангарахаас өрсөн саяхан гаднах орчноо бүрэн тохижуулж дуусгажээ. Тус сургуулийнхан энхэн донхол ихтэй 150 метр авто болон явган хүний замыг өөрсдийн 195 сая төгрөгөөр цементэн хатуу хучилттай зам болгож шинэчлэх ажлаа дөнгөж дуусаад гуравч хоноогүй байтал харамсалтай нь гэнэтийн халдлагад өртөж, хийж бүтээсэн тэрхүү замыг нь шөнө дөлөөр бүлэглэж дайрсан этгээдүүд юу ч үгүй болтол сүйтгэж орхисон байх юм. Энэ тухай http://factnews.mn/ сайтад анх тавигдсан мэдээллийг лавшруулан шалгаж нягдсанаа доор товч сийрүүллээ.
Оюунлаг сургуулийн ойр орчмын Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны 67, 69, 70 дугаар байр хүртэлх замууд эвдэрч гэмтээд тоосжилт ихтэй болсон тул автомашин байтугай явган хүн ч зорчиход хүндрэлтэй болоод байжээ. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийлэлийн Иргэдийн төлөөлчгдийн хурлын төлөөлөгч Ч.Гантулга нар дэмжлэг үзүүлэн хөрөнгийг нь тийнхүү тус сургуулиас гаргуулан замыг нь засуулсан байв. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр гэнэт энэ сарын 19-ны шөнө "Суман гүн” компанийнхан уг зам зассан газрыг нь "Энэ чинь манай газар” хэмээн Булган аймгийн уугуул, аймгийн арслан А.Отгонбаатар тэргүүтэй биерхүү, лагс бахим гучаад эрчүүдийг дайчлан 195 сая төгрөгөөр босгосон тэрхүү замыг эвдэн нурааж эхэлжээ.
"Суман гүн” компани уг газарт анх 2015 онд буюу Э.Бат-Үүлийг хотын захирагч байх үед захирамж гаргуулахдаа Оюунлаг сургууль, Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын 67, 69, 70 дугаар байрууд руу ордог энэ замыг бүхэлд нь хааж барилга барихаар болоод байсан байна. Өөрөөр хэлбэл, "Суман гүн” компани нь газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн захирамжаар тийнхүү сүрийг үзүүлэн шөнийн цагаар эвдэж сүйтгэх ажлыг зохион байгуулжээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан барилга байгууламж барихыг хуулиар хориглодог. Мөн нөгөөтэйгүүр, "Суман гүн” компани нь 2015 онд ийм хуль бус захирамж гаргуулаад, уг газар дээрээ өдий болтол юу ч хийлгүй 3 жил шахам хугацаа өнгөрсөн тул хуулийн дагуу газар эзэмжших эрх нь цуцлагдсан байх учиртай. Гэтэл "Суман гүн”-гийн эзэн гэгддэг, НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нь тэр бүх хуулийн заалтыг уландаа гишгэн Оюунлаг сургуулийн хүч хөрөнгөөр хийсэн хатуу хучилттай замыг нь гуравхан хоногийн дараа эвдэхдээ тэнд хуучин байсан хашааг нь хүртэл нурааж, дараагийн шөнө нь дахиад шинээр хашаа барих гээд тэр хавийн оршин суугч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар бөх байрын залуучуудаараа иргэдийг гэмтэж бэрттэл зодуулжээ.
"Суман гүн”-гийнхний гурав дахь шөнийн дайралтын үеэр хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд оршин суугчид нь энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэхэд зарим ажилтнууд нь "Ням гарагийн амралтын цагаар бид үйлчлэхгүй” гэсэн хариу өгсөн нь тун хачирхалтай юм. Мөн Нийслэлийн цагдаагийн шуурхайн албаныханд мэдэгдэхэд "Үймээн болсон газарт барилгын ажил эхлээгүй л байсан юм билээ. Тиймээс энэ асуудлууд чинь манайд хамаагүй” гээд яваад өгчээ. Түүнчлэн гэмтсэн хоёр хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгөхөд тэндэхийн жижүүрийн эмч нар нь "Наад хүмүүсээ нэгдүгээр эмнэлэг рүү аваад яв. Дотуур гэмтэлтэй байж магадгүй” гэх ухааны юм яриад толгойных нь хэсэгт хэдэн оёдол тавьж өгсөн болоод явуулсан байлаа.
Эдгээрээс анзаарахад "Суман гүн” компанийнхан хууль бус үйлдлүүдээ нууж хаахын тулд эмнэлэг, цагдаагийн байгууллагынхантай үгсэн хуйвалдсан байж болзошгүй юм. Тэдний эвдэн сүйтгэх, иргэдийг зодож дарамтлах ажил цаашид хэрхэн өрнөхийг одоогоор таашгүй ажээ.
Засагдсан зам талбай
Засагдахын өмнөх
О.Баяр
Шуурхай.мн
Сэтгэгдэл