Хөх хотод зорчсон тэмдэглэл-1


Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Дэлхийн Монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ӨМӨЗО-ны Хөх хотод Монголын залуу сэтгүүлчдийн анхны сургалт 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 24-ний хооронд Өвөр Монголын багшийн их сургуульд амжилттай зохион байгууллагдлаа.

Тэнгэр хуйвсагнасан намрын жавар тачигнасан үдэш үрээ тэврэж үнсээд аян замд гарах хүртэл сонин мэдрэмж аж. Гэхдээ холыг зорьж хүний нутгийн хөгжил, амьдрал ахуйтай танилцаж мөр зэрэгцэн ажиллах хамт олныхоо бүтээлч чанарт суралцана гэдэг бас л олдошгүй завшаан билээ. Хөл хөдөлгөөн ихтэй гудмаар бодол бэлчээн аажуухан алхсаар төв вогзал дээр золгох шинэ танилуудтайгаа уулзах хүртэл шинэ мэдрэмж.

Хүсэл зорилго нэгтэй бидний хэсэг нөхөд дор бүрнээ бэлтгэлээ базааж, намрын бүүдгэр хааяа хааяахан цас бударсан орой хөлгийн жолоог дорно зүг заллаа.

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Шөнийн харанхуйд хүч түрэн хүржигнэх дуун талын анир эвдэж урагш тэмүүлсээр... Хаа нэг зааланд хурхирах чимээ түжигнэх галт тэрэгний дуунд эс дарагдахыг хүссэн мэт хүчээ аван хамрын самсааг зад татахнуудаа гэлтэй чимээлэх нь энэхэн орчинд содон.

...Их талын дундуур галт тэрэг хурдалсаар... Нарны цацраг гэгээвчээр тусах агшинд намрын мөнгөн дуулгаа өмссөн талын толгод сая нойрноос сэрсэн бяцхан шувуудын дуутай хамт баясан сэрэх нь байгалийн гоо үзэмжийг улам нэмэх. Нутгийн аараг толгод ард торойтол ард мөнгөн шүүдрээр аяны ерөөл өргөсөөр хоцорч байх шиг.

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Хилийн боомтоор нэвтэрсэн биднийг Эрээн хотоос үе тэнгийн залуу, анги удирдах багш Ундрахбулаг тосон авч, Хөх хотын зүг автобусаар хөдөлсөн юм. Хүний нутгийн газар шороо, байгаль орчин, агаар нь хүртэл шинэ мэт. Гэвч хэдэн зууны тэртээ өвөг дээдэс минь энэ нутгийг эзлэн сууж байсан юм шүү гэх тэнэгхэн бахархал төрнө. Тэдний үр удам одоо хүртэл Монгол ахуйгаа хадгалсаар эрин үетэй золгож амьдарч байгаа Өвөр Монголын үзэсгэлэнт тал, эгэл жирийн амьдрал ахуй бидний суусан хөнгөн тэрэгний цонхоор жирэлзэн өнгөрнө. Өргөн талын дунд хатуу хучилттай замын хоёр талаар эртний галав үед оччихов уу гэлтэй үлэг гүрвэлийн бармилууд хийгээд үелэн тарисан мод сөөг, ногоон байгууламж, унаган байгалиа хадгалж үлдэх гэсэн хүсэл мөрөөдлийн нь эхлэл гэлтэй үргэлжлэх нь гайхалтай. Түүнчлэн байгалийн сүр хүчинд үл автан бүтээх бүтээн байгуулах зам харгуй нь уулыг нүхлэн сүвлэн гарсан урт урт түнелүүд нь өөрийн эрхгүй гайхаш төрүүлснийг нуух юун.

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Ийнхүү 5-6 цаг явсны эцэст Хөх хот нар хэвийхтэй зэрэгцэн орлоо. Түм түжигнэж, бум бужигнасан газар ажээ. Хэдэн эгнээ зам, гүүрэн гарц, өндөр шилэн барилгууд дэд бүтцийн зохион байгуулалт нь өдрөөр биш цагаар хөгжөөд байна уу даа гэлтэй сүрлэг.

Манайд төдийлэн харагддаггүй олзуурахмаар зүйлтэй аж. Бүхий л албан байгууллагууд уйгаржин монгол бичгээр бичээд ард нь Хятад ханзаар хаягладаг нь бахрахмаар. Дундад улсын нэгэн жижиг үндэстэн ч гэсэн төрлөх өв соёлоо хэрхэн хадгалан авч үлдэхээр тэмцэж байгаагийн илрэл ч гэмээр харагдана.

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Хөх хотод зорчсон тэмдэглэл-1

 

Сонирхуулахад ӨМӨЗО нь БНХАУ-ын хойд хэсэгт зүүнээсээ баруун тийш 2400 км, урдаасаа хойшоо 1700 км нийт 1183 мянган хавтгай дөрвөлжин нутагтай. Хятад улсын нийт нутаг дэвсгэрийн 1/8 хувийг эзэлдэг. Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай гэх есөн хот, Хянган, Шилийн гол, Алшаа гэх гурван аймаг 108 хошуутай. ӨМӨЗО-ны төв Хөх хот 4 сая гаруй хүн ам амьдардаг аж.

 

 

 

Ч.МӨНХБАТ FACT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.