Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн нар ӨМӨЗО-ны Хөх хотод уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Тэргүүн шадар сайд Н.Учрал засгийн газраас байгуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд худалдааг эрчимжүүлэх хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэн бодлогын шинэчлэл эхлүүлж байгаагаа онцлоод хамтран ажиллах тодорхой чиглэлүүдээр санал тавив.
Үүнд:
- Тээвэр, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэхэд БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд тусгах талаар анхаарал хандуулах,
- Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх,
- Экспортод чиглэсэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тал дээр хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн хэвшлийг дэмжин ажиллах,
- Монголын бараа бүтээгдэхүүнийг эскпортлох, дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн зөвшөөрлийг шуурхай олгоход анхаарал хандуулахыг хүслээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөг Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайгаа дурдаад дараах асуудлаар байр сууриа илэрхийлэв. Үүнд:
- Хоёр орны стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
- Худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монголоос экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,
- Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах,
- Орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО гол гүүр болж хил дамнасан төмөр замын ажилд түүчээлж ажиллахыг хүсэж байгаагаа тодотгов.
Уулзалт хоёр тал, зах зээлийн зарчмыг баримталсан эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тухай агуулгатай болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл