ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ


ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар өчигдөр тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар бараалхсан бол БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд 19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргажээ. 
 
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийн агуулгыг товчлон хүргэж байна. 
 
Өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв
 
1.Ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, 
2.Харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх,
3.Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, 
4.Хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах,
5.ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулах,
6.Хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэх,
7.Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх,
 
8.Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
 
9.БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
10.“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэх.
 
Төрийн тэргүүн нар санал нэгдэв
 
•Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.
 
•Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. 
 
•Орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв. 
•Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. 
•Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв.
 
Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.