Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаас хойш Монгол, Хятадын хамтын ажиллагаа бодит үр дүн дагуулж эхэллээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болсон "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон билээ.

Айлчлалын хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны "Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн юм.

Уг айлчлалаас хойш нэг сар гаруйн хугацаа  өнгөрч буй ч Монгол, Хятадын харилцаа идэвхжиж, маш богино хугацаанд асуудлыг шийдэн гүйцэтгэх чиг үүрэг бүхий Хятадын талын албан тушаалтнууд манай улсад ажиллаж эхлээд байна.

Тухайлбал: 5-р сарын 27-29 ний өдрүүдэд БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Тэрээр хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилготой ирсэн ба цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны замын төсөл гэх мэт олон томоохон төслийн ажлуудтай танилцаж, учир буй зарим саад бэрхшээлийг нь шийдсэн байна.

Мөн Гашуун сухайтын боомтыг олон улсын том боомт болгох асуудлыг шийдэхээр газар дээр нь ажилласан гэх агаад түүний өгсөн чиглэлийн дагуу давын өмнө Гашуун сухайтын боомтоор нэвтэрдэг ачаа тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгджээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж,  БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж эхэлжээ.

Тус сангийн төлөөлөгчдийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан юм.

 Уг сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэлсэн байна.

 Мөн төлөөлөгчдийн багт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейны ажлын хэсгийнхэн багтаж ирсэн бөгөөд усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад амласан аж.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаас хойш Монгол, Хятадын харилцаа идэвхжиж эхэллээ. Айлчлал дуусаад нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байгаа ч талуудын хүчин чармайлтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын ярьсан зүйлс жижиг гэлтгүй бодит ажил хэрэг болж буй нь энэ бөгөөд гадаад харилцааны зарим мэргэжилтнүүдийн өгүүлж буйгаар "Маш богино хугацаанд тунхаг, хэлэлцээрүүд нь ажил хэрэг болж хэрэгжих магадлал өндөр болсон" гэнэ.

Э.Мягмар

Эх сурвалж: sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.