Маргаашнаас хэрэгжиж эхлэх Улсын бүртгэлийн багц ХУУЛЬ


 

Маргаашнаас хэрэгжиж эхлэх Улсын бүртгэлийн багц ХУУЛЬ

 

Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилт ирэх сарын нэгнээс буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү багц хуулиар улсын бүртгэл болон төрөлжсөн бүртгэлийг ялгаж өгчээ. Иргэд ямар ч байгууллагад үйлчилгээ авсан улсын бүртгэлийн суурь бүртгэл дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд төрийн үйлчилгээний 60-70 хувийг бүртгэлийн байгууллага өгдөг байна. Тиймээс улсын бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай чирэгдэлгүй болгох шат дараатай олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.

Төрсний гэрчилгээ, гэрлэсний лавлагаа, гэрлэлт цуцлах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн, нас барсны, эцэг тогтоох зэрэг 10 бүртгэлийг иргэд харьяалал харгалзахгүйгээр анхан шатны нэгж болох сум, хороодоос ч авах боломжтой болж байгаа юм.

Энэ нь Улсын бүтгэлийн газрыг зорьж оочёр дараалалд зогсож цаг заваа алдахгүй байх боломжийг олгожээ. Тодруулбал, тухайн иргэн шилжилт хөдөлгөөн хийхийн тулд байгаа газраасаа хасалт хийлгэж, очиж байгаа газартаа бүртгүүлдэг байсан бол энэ хуулиар иргэн зөвхөн очсон газартаа бүртгүүлэхэд л шилжсэн газарт цахим мэдээлэл очин хасалт хийгдэх юм. Мөн гадаад паспортыг 10 жилээр олгодог болсон байна. Иргэд 48, 64 хуудастай паспортаас сонголт хийн захиалах бөгөөд 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан төлбөр хураамжийн үнэ өөрчлөгдөхгүй аж.

 

Шинэ хуулиар цахим үнэмлэхний чип, хурууны хээ, тоон гарын үсэг зэргээ ашиглан иргэний бүртгэлийн мэдээ мэдээллийг цахимаар байгаа газраасаа үл хамааран авах боломжийг ч мөн бүрдүүлсэн байна. Үүнд иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, төрсний лавлагаа, нэр өөрчилсөн лавлагаа, нас барсны лавлагаа гэх мэт хамгийн өргөн хэрэглэдэг 10 үйлчилгээний лавлагааг гэрээсээ, ажлаасаа хаанаас ч цахимаар авч болох аж. Тус лавлагааг тоон гарын үсэг болон нэг удаагийн нууц кодоор цахим бүртгэлийн системд нэвтэрч хэвлэж авах юм. Хэвлэж авсан лавлагаа нь QR кодтой байх тул үнэн бодит мэдээлэл эсэхийг мэдэж боломжтойгоороо онцлогтой юм. Цаашлаад шат дараатайгаар 30 гаруй төрлийн лавлагааг авах боломжыг бүрдүүлэх аж.

 

Мөн шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгэдэг байсан. Энэ хуулиар хүүхэд дөнгөж төрмөгцөө регистерийн дугаартай болж улсын бүртгэлд бүртгэгдэх тогтолцоог бий болгож хэрэгжих эхэлжээ. Энэ нь дан ганц иргэний бүртгэлийн мэдээлэл бус хуулийн этгээдийн мэдээллийг ч мөн адил цахимаар авч болох юм байна. Хуулийн этгээдийн нэр, хаяг, үүсгэн байгуулагч, хэлбэр, төрөл, үйл ажиллагааны чиглэл гэх мэт мэдээллүүд улсын бүртгэлийн мэдээллийн санд нээлттэй байршжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.