Солонгос Христосынхан манайд


 

Солонгос Христосынхан манайдӨнөөдөр хаалга тогшихоор үүдээ нээсэн чинь дунд насны хоёр эмэгтэй орж ирлээ. "Юм танилцуулъяа, мэдээлэл өгье” гээд эвтэйхэн дуугаар библи тайлбарлаж эхлэв. Нүүрийг нь ажиглавал ярьж буй юмандаа хүчтэй итгэлтэй. Өөрсдийгөө Солонгосын сүмийнх гэв.

Би ч яах вэ, тэрүүхэн тэндээ жаахан хүмүүжилтэй болохоор ярихыг нь хэсэг зуур сонслоо. Дэлхийн шашнуудыг сонирхдог, гадарладаг учраас юм асуусан. Лавлаж асуугаад байхаар хамаагүй ярьж болохгүйгаа ойлгосон уу, намайг нэг их ятгасангүй.

Харин "та нар Протестант, Католик, Ортодокс гэх том урсгалуудын яг аль нь вэ?” гэхэд тэд гайхах шиг болсноо тодорхой хариулсангүй. "Аль нь ч биш” гээд явхаар яарч эхлэв.

За тэгвэл, Өмнөд Солонгосын хүн амын 30 орчим хувь христосын шашинтай. Эдгээрийн 3/4 нь протестант (методист, баптист зэрэг сүмийнх), үлдсэн нь католик. Герег-Византийн (бас оросуудын) Ортодокс/Үнэн Алдартан Сүмийнхэн байдаггүй бололтой.

Солонгост католик шашны ном судрыг 17-р зууны эхээр эрдмийн судлагдахуун болгон Хятадаас оруулж ирсэн чинь тэр нь хүмүүст таалагджээ. Харин Солонгосын төр үүнийг 18-р зуунд нэг хориглож үзсэнээ 19-р зууны дундуур 8000 католикчуудыг алан хядаж хачин харгис хандсан түүхтэй юм байна.

Солонгос 19-р зууны дараах он жилүүдэд дэлхий ертөнцөд нээгдэж эхэлснээр протестант шашин хүчтэй орж ирсэнд АНУ том үүрэг гүйцэтгэжээ.

Бөө, Бүдда болон Күнзийн сургаалийн өв уламжлалтай Өмнөд Солонгост христосын шашинтнууд ийм олноор бий болсонд, тэдний хүч түрсэн зан байдалд өрнөдийнхөн өөрсдөө ч гайхдаг байна.

Солонгосын протестантчуудын түрэмгий зан авир, бүддын сүм хийдүүдийг эвдлэн сүйтгэхээс эхлэн "бүддын шашин сөнөтүгэй” гэсэн ном уншдаг нь олны дургуйцал хүргэж, Солонгос дахь шашин хоорондын харилцаанд том асуудал болдог юм байна. Үүнээс болж протестант шашны нэр хугарч сүсэгтнүүдээ алдах төлөвтэй бгаа бололтой.

Өнөө үед евангелист үйл ажиллагаа явуулах хамгийн олон тооны лам, шашинтныг АНУ-аас гадна Өмнөд Солонгос л бэлдэж дэлхий даяар илгээдэг гэнэ.

За, ийм л байна даа. Харин бидэнд нэг анхаарах зүйл бн шүү: протестантизмыг номлогчид нь эн түрүүнд зовлон үзсэн бие үнэлэгчид, аж үйлдвэржиж эхэлсэн Солонгосын шинэхэн үйлдвэрүүдийн ядуу ажилчдад онцгой хандсан аж. АНУ-ын протестант шашны Методист сүмийн ламтан Хорас Аллен болон нөгөө нэрт Ундервуд бичгийн машин үйлдвэрлэдэг Ундервуд овгийнхон мөнгө хаяж сургууль, эмнэлэг байгуулж ядарсан хүмүүсийн сэтгэлийг татсан бн.

ЯДУУРЧ ЗОВСОН ХҮН БАГАТАЙ, СУРГУУЛЬ ЭМНЭЛГЭЭ ӨӨРСДӨӨ БАЙГУУЛЖ ДӨНГӨХТЭЙГЭЭ БАЙХ НЬ АМИН ЧУХАЛ. ХҮМҮҮС НИЙГМИЙН АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХ БИШ, ХАРИН СЭТГЭЛ САНААГАА АРИУСГАН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЛИВАА ШАШИНЫГ ДАГАХ НЬ ТЭДНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ БИЗ ДЭЭ.

Sukhjargalmaa Dugersuren



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.