Энэ долоо хоногт чуулганг дахиад бойкотолно


УИХ-ын 32 гишүүн Их хурлын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Гурван долоо хоног дарааллан ирц бүрдэхгүйн улмаас чуулган хуралдаж чадахгүй байгаа. Гишүүдийн бойкот хэзээ дуусах талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-Чуулган хаясан гишүүд энэ долоо хоногт чуулганы хуралдаандаа оролцох уу?

-Энэ долоо хоногт чуулган дахиад бойкотолно. Үүнээс цааш уг нь явмааргүй байгаа юм. Парламент дотроо л асуудлаа шийдчихмээр байна. Өчигдрөөс хойш над руу баахан хүн чанар ярьсан постууд явууллаа. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй хамаатай асуудал биш гэж би удаа дараа илэрхийлж байгаа. Хувь хүнтэй холбоотой асуудал байлаа ч залуучуудаасаа хүн чанар нэхэх ёс зүйтэй хүн биш. Эв нэгдэлгүй байгаа эх үүсвэрийг энэ хүн л тавьсан. Өөрөө л бизнес, эдийн засгийн бүлэглэлтэйгээ хамтарч, өөрөө Ерөнхий сайд болохгүй, өөр Ерөнхий сайд гаргаж ирж, тэр нь хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан нь гажуудлыг үүсгэсэн.

-Хуульд их хурлын даргыг огцруулах таван үндэслэл байгаа. Харин та бүхний тавьсан шаардлагад хуульд заасан үндэслэл байхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Бид бол өөрөө өргөдлөө өг л гэж байгаа. Ерөнхий сайд Цэцэд хандсан байна лээ. Цэц энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл илт нэг талд гарч энэ хүнийг хамгаалж байна. Монголын төр ашиг сонирхлын аалзны торон дотор орчихсон байгаа нь харагдаад байгаа юм. Парламент бойкотолчихоод байгаа тохиолдолд Цэц шууд хуралдах хуультай. Хэрвээ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарвал хуульд заасан нэг үндэслэл бий болно. 

-Их хурлын дарга төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийж байна гэж хэлээд байгаа. Та бас жагсаал цуглаан хийх хэмжээнд хүргээд хэрэггүй гэлээ. Хэрвээ жагсаал хийвэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого болчих юм биш үү?

-Хэрвээ манайхаас өөр оронд УИХ-ын дарга нь харин ч төрийн эрхийг хууль бусаар авах бичлэгэнд орчихоод, хууль хяналтын байгууллагад нөлөөлж дүгнэлт гаргуулж хаачихаад буцаад олон нийтийн төвд орохоор сэргээчихдэг зүйл хаана ч болохгүй. Хоёр жил битгий хэл хоёр цаг ч суудал дээрээ тэсэхгүй шүү дээ. Бид маш ойлгомжтойгоор УИХ-ын даргыг огцор гэсэн.

 

Itoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.