Хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийн хохироож буй компаниудын үйлдэлтэй ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд эрчимтэй тэмцэж байна. Хүнд даацын машин, механизмд ашиглаж байгаад сольсон тос (ажилласан масло)-ыг химийн бодистой урвалд оруулж, "Евро-4” стандартын дизель түлш үйлдвэрлэдэг байсан, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Алтан оршихуй групп” компанийнхны хууль бус үйлдлийг цагдаагийн дээрх газрынхан илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд хуурамч шатахуун борлуулдаг, Сингапурт төвтэй "Ганвор Сингапур” гэх компанийнхныг шалгаж эхэлжээ.
Монголд нефтийн бүтээгдэхүүн импортлох эрхгүй тус компанийн Монгол талын захирал А.Дамдиндорж, эхнэрийнхээ ахын нэр дээр байгуулсан "Петрохаан” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр 32 000 тн дезиль түлш, 9 000 тн керосин оруулан ирж, төмөр замын Дархан, Чойр, Рашаант, Толгойт өртөөний ойролцоох түлшний агуулахуудад тэдгээр нефтийн бүтээгдэхүүнүүдийг холин, стандартад нийцэхгүй, хуурамч түлш ШТС-уудаар дамжуулан борлуулж байжээ. Түүгээр зогсохгүй "Петрохаан” ХХК-ийнхан дээрх 9 000 тн керосиныхоо улсад төлөх ёстой татвар 2.3 тэрбум төгрөгийг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ.
Өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хойш хөршөөс нэг тн дезиль түлшийг 650 ам.доллароор авчирдаг. Өөрөөр хэлбэл хилийн үнэ нь энэ. Хуурамч шатахууны гол түүхий эд болох керосин тн нь 520 ам.доллар. Зөрүү нь 130 ногооныг төгрөгт шилжүүлбэл 332 000 болж байгаа юм. Жилд дунджаар 120 000 тн керосин оруулж ирдэг бөгөөд 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татварын болон хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч байна гэсэн үг.
Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашиглаж буй юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоцны түлш, керосин зэргийн хилээр оруулж ирэхдээ онцгой албан татвар төлөлгүй оруулж ирдэг аж.
Эх сурвалж: unuudur.mn
Сэтгэгдэл