М.Энхболд: МАН-ын байрыг шатаагаад явж байсан хүмүүстэй нийлж МАНАН байгуулж байгаа нь та нар шүү


МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хуралд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр  "60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.

Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юү, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог" хэмээлээ. 

 

Хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавиж, дөнгөж сая дуусчээ.

Тэрээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудынх биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд  хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан.

М.Энхболд дарга "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан, өөрсдөө ч хэлсэн. Гэвч намын даргынхаа байгуулсан Засгийн газрыг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл. Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан, сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна. Энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу. Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” гэлээ. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.