Ураг бүхэн гэмтэж байна
Уушиг бүхэн мэгшиж байна
Улаан цус минь хордож байна
Уур хилэн минь буцалж байна!
Улс түмэн минь угаартаж байна
Ухаан санаа нь булингартаж байна
Улаанбаатар минь тарчилж байна
Уйлах үрс минь олширч байна!
Амь бүхэн тэмцэж байна
Амьсгал бүхэн боогдож байна
Амьтай бүхэн шаналж байна
Ард нийтээрээ өвчилж байна!
Амьдрахын төлөө тэссээр
Ажлын төлөө махарсаар
Алаг үрсээ ч эндүүлсээр
Амар амгалангаа ч эвдүүлсээр
Аргагүйдээ бид дасан зохицсоор
Алгуурхнаар бид үхэлд ойртсоор
Айхтар хавдарт олноор өртсөөр
Аймшигт аюулд улсаараа живсээр
Засаг төр нь ч үл тоосоор
Завшиж идэхээ л урьтал болгосоор
Засъя гэснийг нь зайлуулсаар
Залруулъя гэснийг нь хориглосоор,
Улс үндэстнээрээ ингээд мөхөх үү
Урагшгүй төрийн золиос болох уу
Ураг удмаараа ингээд сөнөх үү
Ухамсаргүй түшээдийн тоглоом болох уу?
Гамшиг гэж хэлэхэд гоёдохоор болжээ
Гарцгүй гээд суухад ичмээр болжээ
Мөхөл гэж хэлэхэд зохихоор болжээ
Мөнгөтэй байсан ч нэмэргүй болжээ!!!
Утаанд байдаг хүнд метал
Устаж огт үгүй болдоггүй
Ураг биеэс тань гадагшилдаггүй
Улаан элгэнд чинь хуримтлагдаад
Ус эсийг тань гажуудуулаад
Уршигт эмгэгүүдийг үүсгээд
Уураг тархийг чинь ч хордуулаад
Ухаан санааг чинь ч бохирдуулаад
Ханиад томуу хатгаанаас авахуулаад
Харшил багтраа дархлаа сулрал гээд
Эцэс сүүлд нь хавдар болоод
Эрүүл мэндийг чинь устгаж
Энэ биеийг тань залгидгийг
Эрхтэн дархтнууд мэдээсэй билээ
Эргэцүүлж нэгийг бодоосой билээ
Эрсдэл бүгдийг ухаараасай билээ
Эрс шийдэмгий хөдлөөсэй билээ!!!!!!!!
Б. Эрдэнэтуяа
2018.12.20
Сэтгэгдэл