НӨАТ-ЫН ХОЁР ХУВИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОЁ


НӨАТ-ЫН ХОЁР ХУВИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОЁ

 

Зарим аж ахуйн нэгжээс үйлчилгээ авахад НӨАТ-ын баримт авах эсэхийг тодруулдаг. Нэг үгээр тухайн хэрэглэгч НӨАТ-ын 10 хувиа хасуулаад ААН-ээс үйлчилгээ авч болно. Мэдээж иргэд хоёр хувийн буцаалттай НӨАТ-ын баримт авахаас илүүтэй 10 хувиа хасуулах сонголт нь илүү ашигтай. Ингэснээр тухайн бараа иргэдэд 10 хувийн нэмэгдэлгүй хүрнэ гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд НӨАТ төлөгч байгууллагуудыг буруутгах аргагүй. Тэд татварт төлөх мөнгө нэмэгдвэл ашгаа бодож бараа үйлчилгээнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй. Энэ мэт өдөр бүр НӨАТ төлөгч болж байгаагаа бүрэн дүүрэн ойлгож эхэлснээс хойш хоёр жилийн нүүр үзэж байна. Нэг үеэ бодвол монголчууд НӨАТ-ын тухай өргөн мэдээлэлтэй ч болсон. 

Онолын хувьд үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа,тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэгч болон борлуулагчийн НӨАТ-ыг хурааж аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ-аа тэр цуглуулсан НӨАТ-аас хасаад үлдсэн хэсгийг нь улсад тушаана гэсэн үг. 

Манайд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртгүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан байгаа.   Энэ дагуу 2017 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 57 мянган төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2019 оны нэгдүгээр улиралд нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол гарчээ.

Гэхдээ улс НӨАТ-ын 10 хувийг авч байгаа боловч, иргэнд  хоёрхон хувь нь хүрч байгаад шүүмжлэлтэй хандах хүн олон байна. Энэ бол улсаас хэрэгжүүлж байгаа шударга бус тогтолцооны нэг. Тодруулбал, улс нэг алимыг тав хуваачхаад дөрвийг нь өөрөө үлдсэн нэгийг иргэнд өгч байна. Хууль хэрэгжиж эхэлснээр татварын орлого нэмэгдсэн гэж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд энэ сайн мэдээ биш. Хангалтгүй. Иргэдийн хувьд  100 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд түүний 10 хувийг улсад НӨАТ маягаар өгнө. Гэвч үүнээс зөвхөн хоёрхон хувийг л буцаан авах боломжтой. Энэхүү шударга бус тогтолцоо хэрэгжээд даруй хоёр жилийн нүүр үзээд байна. Харин одоо иргэдийн хувьд сохор азанд итгэж, сугалааны тохирол хүлээж суухаас илүү тэгш, хүртээмжтэй татварын орчныг бий болгох хэрэгтэй байгааг хэлж байна. Бүр тодруулбал улс иргэнтэйгээ тэнцүү хэмжээнд эрхтэй баймаар байна. Иргэд НӨАТ-т 10 хувийг төлж байгаа учир үүнийхээ ядаж 50 хувийг хүртэх эрхтэй. Нэг үгээр НӨАТ-ын буцаан олголтыг 2 биш 5 хувь болгох зүйд нийцэх хэрэг болно. 
П.ГОО 
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.