Хотын даргад горилогчийг АН-ын 10 төлөөлөгч л шийднэ


Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ажлаа өгснөөс үүдэж албыг нь хэн залгуулах вэ гэсэн оньсого олны сонирхлыг татаж эхэлсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Су.Батболдын Засгийн газраар барьцаалж улстөр хийсэн нь үнэн. М.Энхболд ч Су.Батболдоор Засгийн газрын хувь заяаг барьцаалж улстөр хийсэн нь үнэн.

Энэ нөхцөлд Нийслэлийн Засаг даргаар өмнөхүүдээсээ давсан хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь МАН-ын фракциудын толгойны өвчин байгаа болов уу. Ардчилсан хувьсгал, Монголын улс төрийн архив Э.Бат-Үүл, парламентад өчнөөн сонгогдож Засгийн газарт ч ажиллаж, хууль батлалцаж байсан Су.Батболд нарыг давсан туршлагатан олох хэцүү дээ. Сайжруулах гэж огцруулсан нь үнэн л юм бол сайжруулсан сонголт л хийх учиртай.

НИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яаж хүлээж авах бол гэдэг бас сонин. Батламжлах уу, татгалзах уу. Лав л МАН-ын өчнөөн эвэртэн, туурайтан ойр ойрхон У.Хүрэлсүхийн өрөөний хаалгыг татаж яваа гэх юм. Засгийн газар, хотын захиргаа хоёр л хамтарч ажиллаж чадахгүй бол МАН-ын 2016 онд иргэддээ амласан ажил, “Аз жаргалтай хот” байгуулна гэсэн мөрөөдөл утаатай холилдоод дуусна даа.

Ямар ч байсан дөрвөн кандидат яригдаж байгаагаас хоёрынх нь нэр Нийслэлийн Засаг даргад хүчтэй яригдаж байна. Эхнийх нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Эрдэнэс таван толгой болон Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар. Түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар буюу Нийслэлийн МАН-ын хорооны даргын халаасны МАН-ын 17 төлөөлөгч дэмжихээр хайрцаглагдаж байгаа.

Хоёр дахь нь, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлож байгаа Ж.Батбаясгалан орлогч. Түүнийг албаа өгсөн Су.Батболдтой ойр НИТХ дахь МАН-ын бас л 17 төлөөлөгч дэмжиж байгаа. Т.Бадамжунайгийн туслах байсан нь Ж.Батбаясгаланд гай болдоггүй л юм бол түүнийг жинхлэх магадлал өндөр л байгаа. Нас нь залуу ч намдаа ч, хотдоо ч хуучин л кадр юм аа Ж.Батбаясгалан.

Гурав дахь хувилбар, НИТХ-ын дарга С.Амарсайхан. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг их л балиашиглаж яваа нь илт. Гэхдээ С.Амарсайханд хамаг бүхэнд нэр холбогдож, хариуцлага үүрдэг Нийслэлийн Засаг даргын суудлаас илүү НИТХ-ын даргын суудал нь үнэтэй болов уу. Тэгээд ч УИХ-д 2020 онд нэр дэвших амбицтай түүнд ачааны хүндийг үүрч, нэрээрээ дэнчин тавих зориг үгүй.

Дөрөв дэх хувилбар, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар Монгол Улсыг төлөөлөн суугаа Л.Амарсанаа. Намба, төрийн ажлын туршлагаа харвал байж болох л хувилбар. Хотын хүн амын талаас илүү нь залуучууд байхад ахмад хүн томилох нь гэж шүүмжилдэггүй л юм бол буурьтай, туршлагатай хүн байх нь зөв. Маргашгүй үнэн гэвэл НИТХ дахь АН-ын 10 төлөөлөгч л Нийслэлийн Засаг дарга хэн байхыг шийднэ. Хэнийг дэмжих, хэнийг унагаах тамга хөзөр нь тэдэнд байгаа.

Б.Дамдинжав

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.