УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын үйл ажиллагаа олон хоног гацаж байгаа нь энэ хуулийг хэлэлцэх зайлшгүй шаардлага мөн. Гэтэл энэ хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж Цэцэд очих эсэхийг асууж байна. Хэрэв батлагдвал Д.Одбаяр найздаа аваачиж өгөх бололтой. УИХ-ын дархлаанд санаа зовж байгаа юм байна. Гэтэл энэ УИХ-ын дарга чинь өөрөө үүнд санаа зовдоггүй юм уу" гэлээ. Түүнийг үг хэлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Цаашдаа хүчний харьцаа өөрчлөгдөнө. Өнөөдрийнх шиг нэг нам дийлэнх олонх байхгүй шүү дээ. Тиймээс зургаан сар тутамд УИХ-ын даргаа огцруулах гэж оролддог жишиг үүсэх юм биш биз дээ. Мөн энэ хууль батлагдлаа гэхэд Цэцэд очих магадлалтай юу.Үндсэн хуультай зөрчилдсөн хууль батлах гэж байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна гэв."
Сэтгэгдэл