Төрдөө гомдож, үрдээ гологдсон хөөрхий, хөгшчүүд


“Насны эцэст хүүхдээрээ хөлөө хучуулна” гэж хөгшчүүд хуучилдагсан. Одоо тэгэх нь үр хүүхдүүд нь хөлийг нь хучих нь бүү хэл, өндөр настай ижий аавыгаа, гудамжинд хөөж гаргах, зодож дарамтлах энүүхэнд болжээ. Нийгэм яаж буруутхаараа төрүүлж өсгөсөн ээжийгээ үр хүүхэд нь зодоход хүрэв ээ?!

 

2017 он: Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч Н гэгч эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олон нийт Н гэгчийг шүүмжилж байсан нь 2017 оны тавдугаар сард. Хөөрхий 88 настай ээжийгээ “Үхээд өгөөч” хэмээн доромжилсон эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж, шийтгэл ногдуулснаар тэр хэрэг тэгс гээд намжсан.

 

2018 он: Тэгвэл өнгөрөгч 2018 оны гуравдугаар сарын 27-нд үүнтэй ижил хэрэг дахиад л гарсан. Тодруулбал 47 настай эмэгтэй Т гэгч нь 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.

 

2019 он: Архидан согтуурсан хүү нь төрсөн эцгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг сарын өмнө гарсан. Багануур дүүргийн 3 дугаар хороонд 75 настай эцгийгээ төрсөн хүү 37 настай О гэгч нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироожээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар түр хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа. Хэрэг гарах үед хүү нь согтуу, харин аав нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цоо эрүүл ухаантай байсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлсэн.

 

Хоёр жилийн өмнө 88 настай ээжийгээ охин нь хэл амаар доромжилж хөөж, туусан. Жилийн өмнө 73 настай ээжийгээ мөн л охин нь зодож, дарамталсан бол оны сүүлд 75 настай төрсөн эцгийнхээ аминд хүү нь хүрчихлээ. Нийгэм улам л “догширч” байна.

 

Төрүүлж өсгөсөн үр, хүүхэддээ зодож, дарамтлуулж, хөөгдөж, туугдан хүйтэн орцонд хоног төөрүүлж яваа ахмадууд цөөнгүй. Улсын 240 мянга гаруй өндөр настнуудын маш олон нь өлөн зөлмөн, ядуу тарчиг амьдарч буй.

 

Арга ядахдаа Улсын асрамжинд очихыг хүсэхэд тэжээн тэтгэх үр, хүүхэдтэй гэх лавлагаа гараад ирдэг. Улмаар “Та үр, хүүхэдтэй тул тэдэндээ оч” гэнэ. Гэтэл үнэндээ хүүхдээсээ айж, гарынх нь “шүүс” болохгүйн тул асрамж бараадахыг хүссэн хэрэг.

 

Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө халаасны өрөө ч болтугай хөлслөөд сууя гэхээр үр, хүүхэд нь хэдий нь зээлүүлээд авчихсан ч байдаг. Ингэж хөөрхий, хөгшчүүдийн орлогын ганц үүсвэр болох тэтгэврийг нь зээлүүлж авчихаад эцэст нь хөөж, гудамжинд гаргасан үр хүүхэддээ гомдож, асрамжинд чинь очье гэхээр “Авахгүй” гэсэн улсдаа, төрдөө гомдож яваа олон ахмадууд бий.

 

Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, үр хүүхэддээ бүхнээ зориулж ирсэн ч насны эцэст ийн “муугаа” үзэж яваа хөгшчүүдээ Төр анхааралдаа авч, “тэнэг” хүүхдүүдэд нь ухаан суулгах хэрэгтэй байна.

 

Г.Сүрэн 

ЭХ СУРВАЛЖ:  SHUUD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.