Оны сүүлчээр дээ. Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэлэлцэж тохиролцсоноор Монгол бөхийн өргөө нээгдэх боломж бий боллоо гэсэн таатай мэдээ бөх сонирхогчдыг баярлуулсан билээ. Гэтэл Бөхийн өргөөг өнөөдөр болтол нээгээгүй л байна. Уг нь хаа бөхийн тухай яриа болно хоёр аварга "холбоо”-той юм шиг хамтдаа байж харагдах юм. Тэгсэн хэрнээ хэл амаа ололцсон нь үнэн юм бол өргөөгөө цагдаагийн хамгаалалтаас авч яагаад чадахгүй байгаа юм бэ. Учрыг жаахан тунгааж үзвэл бөхийн холбооны маргаанд манлайлан оролцож байгаа дархан аварга Х.Баянмөнхтэй олон талаар холбоотой юм шиг санагдах юм.
Баянаа аварга маань оны сүүлчээр "Цол авах боломжийг олон болгож өгвөл монгол бөх найраагүй болно” гэсэн гарчигтай ярилцлага өгснийг нь уншсан л даа. Энд аваргын хэлсэн үгэнд хууртмааргүй ч юм шиг, эргэлзээ төрүүлсэн санаа олон байлаа.
Ер нь цол авах боломжийг олон болгоё гэсэн санааг бүр шүүмжилмээр байна. Цолтон цөөрөөгүй ээ. Харин ч наадмын найраанаас болж улам олширсон шүү дээ. Гэтэл урьдынх шиг бүх ард түмний спартикиад, үндэсний спортын наадмыг далимдуулж цол хүртээхийг аварга эрмэлзсэн шиг байна. Харин түүний оронд бөхийн хүрээнд болсон зарим гэмт явдал, допинг хэрэглэсэн зэргээс шалтгаалсан арга хэмжээг чангатгаж эрхийг тодорхой хугацаагаар хасдаг дээр цолыг бууруулдаг болсон ч яадаг юм гэж бодогдох юм.
Бас аварга допингийн шинжилгээг Баяр наадмын хууль зөрчин авч зарим бөхийг хохироосон гээд бөхийн эрэмбийг зөв хийх талаар авууштай санаа хэлж, монгол бөхийн хөгжил 16 жилээр хоцорч явна гэжээ. Тэгээд Монгол бөхийн өргөөг цоожлуулж байхаар төрийн мэдэлд өгмөөр юм гэж хүмүүс хэлж байх юм гэсэн асуултад аварга уулга алдангуйгаар "Төрийн мэдэлд авч болохгүй. Ийм эрх зүйн акт байхгүй. Бөхийн өргөө бөхчүүдийн өмч” гэж хэлээд авсан байна лээ. Тэгсэн хэрнээ өргөөгөө нээсэн ч аль ч холбоо тэнд үйл ажиллагаа явуулахгүй гэж. Энэ нь холбооны тухай хэрүүл Бөхийн өргөөтэй шууд хамааралтай гэдгээ хэлсэн байх юм.
Яг үнэндээ "Бөхийн өргөөнд санаархсан гэдгээ нотолж байна. Сүүлд нь шүүхийн шийдвэр гарсны дараа бөхчүүд "Их эе”-ээ хуралдуулж хойшид хэрхэн ажиллахаа шийднэ гэж жаахан булзааруулаад орхиж. Түүний хэлж байгаагаар холбооны маргаан дахиж хэн ч шүүхдэж заргалдахгүй болно гэдэг бас л хол харагдаад байгаа юм биш үү. Олон түмний хувьд ирэх гахай жилдээ бөхийн маргаан үгүй болоосой гэж хүсч байна.
Д.Найдан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл