БАЛАР ХӨВЧИЙН “УЛААН” ЦЭНД


Соц нийгмийн үед Хөвсгөл аймгаас “Уулын” Төмөр гэгч шилийн сайн эр тодорсон бол Хэнтий аймгаас “Уулын улаан” Цэнд гэгч  сайн эр тодорчээ. Түүний тухай хэнтийчүүд  одоо хүртэл дурсдаг. Мань эрийн талаар зарим судлаач олон янзын түүх, баримт цуглуулж ном гаргасан ч удаатай. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат  Ойгоны Цэнд ёстой л домог мэт амьдарчээ. Тэрбээр нэг өдөр  “Энэ төрд ажил хийж чадахгүй. Хэдэн мал, хөгшин эхийг минь хэн харах юм бэ” гэж адарчээ. Тиймээс  аймгийн удирдлага, шүүхийнхэн хамтран хуралдаж “Нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлс-хийсэн О.Цэндийг шоронд шороо үүрүүл” хэмээн зарлигдаж, 10 жилийн хорих ял эдлүүлэхээр  шорон руу илгээсэн гэдэг. Гэвч Ойгоны Цэнд шоронд  сар хиртэй болоод  л шоронгоос оргоод Хэн Хэнтийн  ян  сарьдагийг зорьжээ. Цэнд морины  дөрвөн туурайндаа   бугын туурай углаж,  өөрөө болохоор баавгайн сарвууг гар хөлөндөө хийж явдаг байж.  Мөрдөгч нарыг төөрөлдүүлж байгаа нь энэ. Оросын хил даван Агийн буриад нартай  ангийн үсээр наймаа хийдэг Ойгоны Цэнд ер дутагдаж гачигдсан юмгүй Хан Хэнтийн нуруунд  олон жил амьдарчээ. Судлаач Ч.Догсүрэн гуай Ойгоны Цэндийн талаар эрэн сурвалжилж, жижиг хэмжээний ном бичсэн байдаг. Мөн Хэнтий нутийн Б.Доржсүрэн хэмээх өвгөн Цэндийн талаар бас өгүүлж байлаа.

Сийрүүлбээс:

“Нэг өглөө хар үүрээр манайхны тал талаас буун дуу нижигнээд байж. Нэг мэдсэн чинь Сэнгэдорж  хувилгаан баригдаад,  шоронгоос оргож явсан Цэнд гуай алга болсон бололтой байжээ. Тэр бол 1940 онд болсон явдал. Манай сумын хоёр багийн эрчүүл буу зэвсэг агсаж Цэндийн араас нэхээд сар хагасын дараа “Ар Минжийн  хар газар руу мөрийг нь  оруулаад алдаж орхилоо” гэсээр  буцаж ирж байж билээ. Түүнийг мөшгиж  явсан   Лувсандорж “Бид Цэндийг хайж олохоор Ширэнтэйг  өгсөн Босгын  даваагаар  давж,  Захар Шороотыг дайран Ар Минж рүү мөрийг нь оруулаад алдаж орхисон. 45 хоног тэнэж,  сүүлдээ холтос чанан ууж, өвс  татсаар заримын маань гэдэс өвдөж,  их л ядарцгаасан даа” гэж ярьдаг байв. Тэр үед “Аасай” Гомбо,  “Улаан” Дамба хоёр үгссэн бололтой нөхдөөсөө түрүүлж давхиад, Шонт цагаан Булагийн хойд биед байдаг Хэрлэнгийн  хадан хошуу гэдэг газар модны хөндийгөөс  Цэнд гуайн нуусан юмыг авсан байгаа юм. Тэр хоёр сумын захиргаанд винтов буу  хоёр, сэлээдий буу нэг, бердан буу хоёр, цахиур буу гурав, хиазтай шар хамбан дээл нэг,  нарийн хурган дотортой хөх чисчүү дээл нэг,  хөвөнтэй хятад шар чисчүү дээл нэг, дурдан бүс хоёр, хонх, дамар, цан, хэнгэрэг, цагаан лавай тус бүр нэг, бас манхагтай эм, хоолонд амт оруулдаг төрөл бүрийн ногоо зэрэг зүйл тушаасан юм гэдэг. “Аасай”  Гомбо өмнө нь Цэнд гуайн дайж өгсөн  юмыг хотод борлуулаад мөнгийг нь үрчихсэндээ бантаж Цэнд  гуайг  зохих газар нь ховлон мэдүүлж бариулах арга сүвэгчилснээс л дээр өгүүлсэн сүртэй баривчилгаа болсон юм билээ. “Аасай” Гомбо  төдөлгүй чекистийн тэмдэгээр   шагнуулсан. Түүнийг манай нутгийнхан далдуур жиг жуг хийн шоолж, муу хэлцгээдэг л байсан. Цэнд  гуай манайхаар хожим нэг ирэхдээ  сүүлийн удаа баригдахынхаа өмнө  Босгын даваанд булаад орхисон эмээл, буу хоёроо сүүлд очиж авахад  бүүрэгний нь бугын ясан эвэр жаахан хөвхийснөөс өөр ямар ч согог суугаагүй байсан гэж ярьж байв. Өөрөө эмээлийн мод хийдэг хүн байсан юм. Тэр олон жил ой хөвчид толгой хоргодож байхдаа мөн ч олон эмээлийн мод хийгээ биз дээ. Арцын бөх хүрэн үндэс, хүрэн зандан  маягийн мод зай завсаргүй зүйж наан, бугын  эврээр хярласан, бүүргэн дээрээ өлзийтэй эмээлийн сайхан мод баруун зүүн Хараа, Ерөө, Шарын гол, Минж нутгийнхнаар барахгүй  Төв, Хэнтийгээр нэг тарсан даа. Гамтай эдэлдэг айлд тэр одоо ч байж мэднэ. Оргосноосоо хойш мөн нэг жилийн нүүр үзээд  ар Минжийн дуганд ангийн мах борцолж байхдаа бусдад сэжиг  авахуулсанаар удалгүй Пүрэв гуайтай хоёул баригдсан байдаг юм. Цэнд гуай Их Хэнтийн уулын зүүн суганд байдаг оромжиндоо уул өөд харж залбирсан чигтээ  суугаагаараа өөд болчихсон, хүрэн дээлийнх  нь дал мөр онгоод цайх янз орчихсон байсан гэдэг.  Тэр  бол 1958 оны явдал. Цэнд гуай 68 настай байж. Хүү Базаргарьд нь  хүргэн Жанчивын Сосортой хоёул  очиж нутаглуулсан юм гэнэ билээ. Цэнд бид хоёр 1949 оноос хойш дахин уулзаагүй юм. Би хар бага наснаасаа энэ улс төр гэдэг юмнаас зүрхээ авчихсан хүн. Одоо Цэнд гуайн талаар миний дайтай юм ярьчих хүн үнэндээ байхгүй дээ. Миний  хүсч  байгаа юм гэвэл  Цэнд гуайн талаар  тэр архив гэдэг юманд байдаг албан ёсны бичиг баримтыг хэн нэгэн хүн үзэж судлаад үнэн мөнийг нь нарийн тодорхой бичээсэй…” гэсэн захиас үлдээж билээ. Цагийн аашинд өртөж нухлагдан зовсон, цаанаа гэм зэм гэхээр  юмгүй хилсдэж  хохирсон хүнийг бол чухамхүү үнэн цагааныг нь нэхэн тодотгож, оройтсон гэлтгүй цагаатган  нэрийг нь цэвэрлэж өгч байвал наандаж үр удам нь төдийгүй  өөрийнх  нь сүнс хүртэл баярлах биз.

 

Хэнтий аймгийн харъяат яруу найрагч Л.Энхбаатар 2008 онд “Уулын улаан” Цэндийн тухай доорхи яриаг өрнүүлж билээ.

“…Манай Хэнтий нутагт хамгийн их цууд гарсан шилийн эр гэвэл “Уулын улаан” Цэнд юм. Энэ хүн Хан Хэнтийн ян хөвчид олон жил бүгсэн болохоор Хэнтий нутгаар овоглож ирсэн түүхтэй. Дөчөөд оны үед амьдарч байсан энэ хүн “Ажил хийхгүй” гэж хэлснийхээ төлөө улс орноосоо урвасан гэдэг зүйл ангиар 10 жилийн хорих ял авсан байдаг. Ер нь Цэнд хар багаасаа ой тайгад ан гөрөө хийж өссөн болохоор улс нийгэмд ажил хийж үзээгүй нэгэн байлаа. Түүний зүрх сэтгэлд ой мод, ан гөрөө л бодогдож, сумын төвийн жижигхэн суурин дотор сэтгэлийг нь давчдуулдаг байж. Тэгээд л ажил хийхгүй гэж хэлснийхээ төлөө улс төрийн гэмт хэрэгтэн болж Жаргалантын чангалан руу ачигджээ. Энд очоод орой болгон тэнгэр ширтээд суучихдаг байж. Мань эр хязгааргүй цэлийх тэнгэрт элин халин нисэх бүргэдэд атаархаж суусан хэрэг биз. Социалист төрд тэрсэлсэн гээд хянагч нар түүнд их харгис ханддаг байж. Хоригдолууд хүртэл “Эх орноосоо урвасан этгээд” гээд түүнээс дөлнө. Нэг удаа Цэнд уулын орой ширтэн суухдаа “Намайг тогтоох хана хэрэм хаана ч байхгүй” гэж дуу алдаж орхижээ. Түүнийг байнга тандаж байх үүргийг засангийн удирдлагаас авсан нэгэн бууны нохой Цэндийн хэлсэн дээрхи үгийг сонсмогцоо “Хоригдол Цэнд оргохоор зэхэж байна. Хар багаасаа ууланд ан гөрөө хийсэн түүнийг тавиад туучихвал баривчлах гэж өчнөөн зардал чирэгдэл гарна. Тиймээс ялтан Цэндийг яс цоожинд хийх нь зүйтэй” гэх зэргээр шоронгийн даргадаа алтан хошуу өргөжээ. Ингээд Цэндийн эдлээгүй үлдсэн бүх ялыг яс цоожинд эдлүүлэхээр болсон гэдэг. Түүнийг төв Засангийн яс цоожинд үлдсэн ялаа эдлэхээр очиход өрөөнд нь хүн амины хэрэг үйлдээд 10 жилийн хорих ял сонссон нэгэн залуу дээлийнхээ захыг хэмлэн уйлж суужээ. Цэнд түүнд хандаж “Чи бид хоёр өдөр хоног тоолон дээлээ нөмрөөд хэвтээд байвал шоронгоос амьд гарахгүй. Ингэж амьдаараа үхэж мулгуу нийгмийн золиос болохгүй шүү. Чамайг би бууны нохой биш гэж бодож байна. Хоёулаа энэ шоронгоос ямар ч байсан оргоно” гэж хэлжээ. Ингээд мань хоёр яг л мөнөөх “Монте Кристо гүн” романы Эдмон Дантес шиг гурван сарын турш шал, ханаа цөмлөн ухаад оргочихсон гэдэг. Тэгээд бэлчиж яваа адуунаас морь барьж унаад Хан Хэнтийн ян хөвчийг зорьсон байдаг. “Уулын улаан” Цэнд ямар ч догшин морийг хөлд нь суугаад бариад авчихдаг арга ухаантай нэгэн байж. Хоёр оргодол амь зулбан олон хоног  уул хад бараадан мацсаны эцэст жигүүртэнээс өөр амьд амьтангүй шахам ян хөвчид хөл тавьсан байна. Урьд өмнө нь Цэнд уг газарт ирж байсан болохоор анчдын отог байгуулж хүнс хоол,  тамхи зэрэг ойр зуурын хэрэгцээт зүйлс үлдээсэн нь хэвээрээ байлаа. Мань хоёр арваад хоногийн дараа гэхэд модны оройд хоёр хүн элбэг багтахуйц шувууны үүр маягийн байр бариад суучихаж. Энэ нь модны доогуур явсан хүнд харагдахгүй. Ой мод самнахаар ирсэн хэнбугайд ч үзэгдэхгүй. Цэнд чанга чийрэг биетэй, маш тэвчээртэй хүн байсан бөгөөд модны мөчир дээр 24 цаг ямар ч хөдөлгөөнгүй сууж чаддаг байсан гэдэг. Тэрбээр хамт оргосон залуугаа унтаж байхад нь гарч яваад хэд хоногоор алга болчихно. Нэг удаа оргодол залуу “Та намайг унтаж байх хооронд хаашаа ч юм бэ яваад өгөх юм. Дараа явахдаа дагуулна биз дээ” гэхэд Цэнд “Уул хаданд урьд өмнө амьдарч үзээгүй хүний толгойн эргээ бүтэн жил гардаггүй юм. Нөгөөтэйгүүр чи битүү саванд олон сар суусан болохоор миний хөлийн аяыг гүйцэхгүй ядарна. Тэгэхээр чи тэнхэрч авахыг бод. Ууланд эл хуль юм шиг байгаа боловч чи бид хоёрыг олон хүн харж байгаа шүү. Орост гарсан 1911 оны хувьсгалаас зугтаж гарсан олон арван буриад Хан Хэнтий ууланд бий. Тэд хэнийг ч буудаж мэднэ. Үүнээс гадна ууланд ан гөрөө хийсэн ч, амьдарсан ч тэвчээр хэрэгтэй. Энэ бүхнийг бодоод би чамайг орхиод явдаг юм. Насаараа сонор сэрэмжтэй, тэвчээртэй байхын тулд одооноос суралц” гэж захисан гэдэг. Гэвч оргодол залууд ууланд бүгэх тэсвэр тэвчээр дутагдсан байна. Тэрбээр өдрөөс өдөрт сэтгэл санаагаар унах болж.

     Тэгээд аргагүйн эрхэнд Цэндэд хандаж “Ах аа, би тань шиг ууланд амьдарч яагаад ч чадахгүй юм байна. Ерөөсөө хүний бараа харагдах газар очъё. Баригдвал ч баригдана биз” гэж ярих болж. Тиймээс Цэнд түүнийг ян хөвчид амьдаар нь тарчлаахыг хүссэнгүй. Нэг өдөр түүнийг Төв аймгийн Мөнгөнморьт сум хүртэл дөхүүлж өгөөд “За дүү минь. Чи өнөө биш юмаа гэхэд хожмын нэг өдөр цагдаа нарт баригдана. Тэр цагт шоронгоос оргосон бүх хэргээ надад тохоорой. Айлгаж дарамтлаад хүчээр дагуулаад явсан гэж мэдүүлээрэй. Цэндээс зугтаж ирсэн гэж хэлсэн ч болно. Тэгээд миний байгаа газрыг тэдэнд сайн зааж өгөөрэй. Ах нь эрийн чадал, морины сайнаар хорвоог туулна” гэж хэлээд давхиж одсон гэдэг. Нөгөө залуу хэд хоногийн дараа Засангийн эрлийн группэд баригдан Цэндийгээ урдаа барин мэдүүлжээ. Ингээд эрлийн групп нөгөө залуугаар газарчлуулан явсан хэдий ч долоо хоног зүг чиггүй төөрөөд буцаж ирсэн гэдэг. Цэнд хорвоогийн шаналгаат урт өдрүүдийг ан гөрөө хийх, оросуудтай наймаа панз үсэргэх, тэндээс тоомсог адуу хөөх, байр оромж барих зэргээр өнгөрөөж байлаа. Шоронгийн хулгарууд “Уулын улаан” Цэндийг үлгэрийн баатар шиг л бахархан ярьдаг байлаа. Цэнд шиг Засангийн эрлийнхэнийг харанхуй хад мөргүүлж, жингэр шиг гиншүүлж, өөрөө эрх чөлөөгөөр ааглаж  амьдарсан хүн байгаагүй ээ. Ер нь “Уулын улаан” Цэнд Хөвсгөлийн Баавайн Төмөрийн дэргэд хэлэхийн эцэсгүй цуутай оргодол, жинхэнэ уулын хүн байсан нь тодорхой юм. Хэнтий аймгийн Мөрөн суманд багш хийж байгаад орлогч даргын албыг хаших болсон Дагва гэдэг хүн тухайн үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг хувьдаа завшжээ. Тэгээд гэмт үйлдлээсээ бултахын тулд өөрийн шавь, домогт оргодол Цэндтэй нийлж ян хөвчид хамт амьдрахаар шийдээд нэг хайрцаг сумтай калибрь буу үүрч, хөгшин хээр морь унаад, гарз нохойгоо дагуулан Хэрлэн гол өгсөн замд гарчээ. Бүтэн сарын турш уул хадаар Цэндийгээ эрэн бэдэрсэн ч барааг нь олж харсангүй. Тэгээд нэг өдөр ихэд ядраад модны ёроолд гансарч суутал моддын чөлөөгөөр өдрийн бодол шөнийн зүүд болсон “Уулын улаан” Цэнд нь гараад ирэх нь тэр. Дагва өөрийн шавь зартай оргодол Цэндийгээ хараад ихэд баярлаж “Хайрт шавь минь. Муу багш нь тооцоо алдаж мөнгө дутаачихлаа. Тэгээд шоронд үйлээ эдлэхээс айгаад ууланд гарч чамтай нийлж шувуу шиг дураараа амьдрахаар шийдлээ. Намайг ивээлдээ аваач дээ” гэж уйлагнан сөхөрчээ. Цэнд нэлээд зайтай мориноосоо буун завилж суугаад “Багш минь, би таныг хөвчид орж ирсэн өдрөөс чинь эхлээд нууцаар дагаж явлаа. Ямар ч байсан надад гэм хор хүргэхгүй юм байна гэдгийг сайн ойлгож мэдлээ. Гэвч та миний сонгосон замаар явж болохгүй. Нэгдүгээрт таны бие чинь дийлэхгүй. Миний бодлоор та үйлдсэн хэргээ эртхэн хүлээгээд тэр шоронд нь орж төрөөс оноосон ялаа эдлээд гарахаа бодох хэрэгтэй. Өөрийнхөөрөө хөвчид амьдаръя гэж бодож байгаа бол та бид хоёр цуг байх боломжгүй. Хэрвээ би төр засагт баригдвал толгойгоо шууд өчиггүй тасдуулна. Тэгээд ч бас таныг чирч амийг чинь авахуулна. Тийм болохоор багш, шавь хоёр зам салсан нь дээр. Хэрвээ таныг үнэхээр ууланд амьдрахаар шийдсэн бол би зөвлөгөө болгож хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, энэ нохойгоо устга. Таныг урцандаа амарч байх хооронд нохой чинь хөвчөөр ан хийж яваад эрлийхэнтэй тааралдвал шууд л дагуулаад ирнэ. Хоёрдугаарт, агнах ангаа заавал урдаа гаргаж буудаж бай. Хойд зүгт Орос улсын хил ойрхон байгаа гэдгийг ямагт санаж яв. Гуравдугаарт, том ангаас амиа хамгаалах том буутай бол” гэж хэлээд “Гурий гурий” гэж хашгиртал хүрэн халзан тоомсог морь ойн гүнээс дүүхэлзэн гарч ирсэн гэдэг. “Уулын улаан” Цэндийг ангийн арьсаар хувцас хийгээд өмсчихсөн, цээжээрээ дүүрэн дайзтай сум бүсэлчихсэн их өнгөлөг сүртэй харагдаж байсан тул Дагва багшийнх нь хийморь сүлд дарагдаад юу ч дуугарч чадсангүй. Цэнд мориндоо мордон эргэхдээ  тухайн үеийн баавгайтай чихрийг өврөөсөө атга атгаар нь багш руугаа цацаад хөвчийнхөө гүн рүү ороод алга болжээ. Дагва багш хэсэгхэн зуур алмайран зогсохдоо “Ууланд амьдарна гэдэг чинь мань мэтийн жулдрай эрчүүдийн хүсдэг тавилан биш юм байна. Энэ сайхан хийморлог эрд гай болж Засангийнханд бариад өгчих юм бол хойд насандаа ч гэмшээд барахгүй нүгэл болно” гэж бодоод Өндөрхаан хотын зүг гарз нохойгоо дагуулан мориныхоо жолоог залсан гэдэг.

 

“Уулын улаан” Цэнд нас дээр гарсан хойноо нутаг усаа ихэд санагалзан хот айл руу цувж яваа үхэр малыг хараад “Энэ үхэрт очих газар байхад надад гүйгээд очих гэр орон, гуйгаад сөгдөх төр засаг, хань ижил байхгүй юм даа. Мөн ч хяслантай хорвоо юм даа” гэж гансарч суудаг байжээ. Ямартай ч тэр төр засагт өөр шигээ оргодол шавь бэлдэж өгсөнгүй. Түүний үхэл хүртэл учир битүүлэг. Зарим хүн түүнийг анчид баавгайтай андуураад буудчихсан гэдэг бол зарим нь “Уулын хүн Цэнд ойн эзэн баавгайдаа бариулсан” гэж ярьдаг юм. Балар хөвчид суугаагаараа үхсэн ч гэж ярьдаг. “Уулын улаан” Цэндийн шарил гэж олдсонгүй. Түүний амьдарч байсан дөрвөн тийшээгээ задран онгойдог 20 гаруй байшинг хожим нь анчид олж их хэмжээний ангийн үс, орос гурил, будаа, буу сум олсон гэх яриа байдаг. Барон Унгерный алт эрдэнэсийг эрж хайдаг шиг Хэнтийн ян хөвчид Цэндийн байшингуудыг эрж хайх ажил буриад анчдын дунд өрнөж байсан удаатай. Ингэж 20 дугаар зууны дунд үед Халхын шоронгоос эрийн чадлаар оргож цаг үетэйгээ зөрж амьдарсан “Уулын улаан” Цэнд ууландаа нас нөхцсөн түүхтэй. Цуут оргодолыг барьж цол нэмэх гэсэн “хар хэрээнүүд”-ийг баярлуулаагүй нь сайн хэрэг…”


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.