Ийм нэг онигоорхуу яриа бидний багад дуулддаг байв. Өвгөн эмгэн хоёр ярьж байна гэнэ. Эмгэн нь өвгөндөө: Эртхэн босооч. Ленин шиг дандаа унтаж байх юм. Өвгөн хариуд нь” За чи битгий раажив /радио/шиг цуураад бай гэснээр хоёул хэрэгтэн болсон гэдэг. Үнэн ч бай худал ч бай хоёр хөгшний яриа “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэдгийн сануулга юм.
Ардчиллын буянд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон нь сайн хэрэг. Гэхдээ ах зах хүний дэргэд хэлэх хэлэхгүй үг үлгэр дууриалыг камерийн өмнө тормолзож суудаг төрийн түшээдээсээ эхэлж харах, нэхэх эрх иргэдэд бий. гэж бий. Дураараа бурахад ёс суртахуун гэсэн хязгаарлалт ч бас байлтай.
Бид чинь хөх тэнгэр, төрийн сүлд хоёроо сүслэн дээдэлдэг ард түмэн шүү дээ. Гэтэл тэр Монгол төрийн танхимд гөлөг болох, бүлдэг, бүлдэгдүүлэх тухай ярьдаг болсон нь арай л хэтийдсэн ёс зүйгүй хэрэг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганы танхимд “Та нар бүгдээрээ яг адилхан ш дээ. Та нар парламентын дархлааг байхгүй болгочихоороо хэн болох юм, бүгдээрээ гөлөг болно ш дээ. Бүгдээрээ гөлөг болно, бүгдээрээ бүлдэгдүүлнэ. Улаан сайд гуай та далжийгаад хараад байх юм байхгүй. Та хэн ч биш болно. Та нар бүгдээрээ хэн ч биш болно” гэж “агсамнасан”.
Түүний хэлсэн гөлөг, бүлдэгээс илүүтэй УИХ-ын гишүүн биш болчихвол та нар хэн ч биш болно гэсэн санаа олон нийтийн сэтгэлийг дэндүү гонсойлгосон байх. Энд жирийн иргэд бол хэн ч биш, бүр гөлөг гэсэн агуулга явж байгаа болохоор гонсойхоос яахав.
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үг өөрийнх нь имиж илэрхийллийг нэлээд дундах шиг боллоо. Бодлоггүй болхи үгээр танхим дүүрэн чанга “шүршсэн” тэр үгнүүд улс орны аюулгүй байдлын хэм хэмжээг ч давж унахаар байв.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэрбээр хувьсгал хийхэд хууль хэрэггүй байдаг юм гээд үүнийгээ нотлох жишээ болгож “Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсож байна. Манжийн амбаныг буулгахад нэг их хууль энэ тэр хэрэггүй байсан юм ш дээ. Ард түмэн морьтойгоо, буутайгаа давхиж очоод тэмцэж байж явуулсан юм...Румын улс Ерөнхийлөгч Чаушескуг эхнэртэй нь хамт буудаж алж хувьсгал хийсэн” гэхчлэн бусдын хүчирхийллийн жишээг дурдах нь хэнд ч сайхан санагдаагүй нь мэдээж.
УИХ-ын дарга М.Энхболдын өчигдрийн “тэсрэлт”-ийн шалтгаан Батзандангийн энэ үг болсон нь лавтай. М.Энхболд “Намайг эхнэртэй маань буудаж алахаар төлөвлөж байгаа юм байна л даа” гэж эмзэглэсэн нь ийм учиртай.
Хууль тогтоогч Ж.Батзандангийн энэ хуульгүй үг араасаа ихээхэн шүүмжлэл дагуулсан. Бодлогогүй хэлсэн үгнээсээ болж их ч шүүмжлэл сонссон байх. Ялангуяа түүний “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй байдаг юм ш дээ” гэх үг нь хуулийн засаглалтай Монгол Улсын хувьд маш ноцтой үр дагавар авчирч , мөнөөх хүмүүнлэг ардчилсан нийгмийн маань үзэл санааг бүрхэгдүүлж мэдмээо ч юм шиг.
Түүний хэлснээр юм болохгүй ч үлгэрлэл, буруу жишиг гэж юм бий. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх хуулийн зохицуулалт бий. Энэ нь хамрын дор хагархай бий гэсэн шиг хаа хамаагүй юм ярь гэсэн үг биш, бөгөөд харин ухаанаа уралдуулах эрх чөлөө байх. Ямартай ч Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн төлөөл болж байгаа хүн гэдэг үг хэлээрээ ч, үйлдэл хөдөлгөөнөөрөө ч гэсэн үлгэр дууриал болж байх учиртай билээ.
Гэтэл манай төрийн түшээд муу бүхний үлгэр болж байгаа нь магадгүй Монголын хөгжлийн хоцрогдлын шалтгаан юм шиг байна.
Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд УИХ-ын гишүүн хэн нэгнийг гүтгэж, нэр төрд нь халдаж, нийгмийг турхирч, хууль бус зүйлд уриалж болно гэсэн үг биш билээ.
Г.Хантулга
http://www.zaluu.com/read/2ga7bd0ba
Сэтгэгдэл