Миеэ Энхболдын үгнээс хийх гурван гаргалгаа


Миеэ Энхболдын үгнээс хийх гурван гаргалгаа

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санаархал үр дүнд хүрэхгүй нь бараг тодорхой болов бололтой. Баасан гарагийн хуралдааны эхэнд түүний хэлсэн үг олон зүйлийг тодорхой болгочих шиг.

Нэгдүгээрт: Тэр “Ерөнхийлөгч Х.Баттулга даргаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг надад тавьсан. Дараа нь манай намын дарга У.Хүрэлсүх шаардсан. Эцэст нь 38 гишүүн тавилаа. Та нар минь хэний гар хөл болж, хэний хүслийг гүйцэлдүүлэх гээд яваад байна аа” гэв.Эндээс тодорхой болж байгаа зүйл бол нэгдүгээр хүний зорилго У.Хүрэлсүхээр дамжин, Л.Оюун-Эрдэнэ нараар үргэлжилж байгаа нь төвөггүй ойлгогдоно. Тэвчээртэй хүн маань эцсийн эцэст энэ бүхнийг задлав бололтой.

Гаргалгаа 1: Миеэ нэгэнтээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ганцаардах үе бий” гэж хэлснийг саная.

ҮАБЗ-ийн 3 гишүүнээс ШХАБ-д элсэхийг эрс эсэргүүцдэг хүн нь тэр юм гэсэн. УИХ-ыг тарааж, Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох тав дахь Ерөнхийлөгчийн бодлогын өмнөөс сөрж зогссон нь бас тэр. Эдгээр шалтгаан түүнийг зайлуулах операцийн эхлэл болжээ гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа юм

Хоёрдугаарт:  М.Энхболд “Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд надад зууралдаад байх зүйл байхгүй” гэж хэллээ. Үүнийг “Би хууль бусаар ажлаа өгөхгүй. Хуульд хэрвээ нийцэж байвал өгөхөд бэлэн байна” гэж орчуулж болно.

Гаргалгаа 2: Хуулийг улайм цайм үгүйсгэж, хэнэг ч үгүй дээгүүр нь гишгэчиж буй Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг хэлэх ёстой үг бол энэ. Тэр ч бүү хэл “Хуулийн хилийг зөрчсөн хэнийг ч би цээрлүүлэх болно” гэж хэлэх дуртай Ц.Нямдорж хүртэл өөрөө хуулиа зөрчиж, хууль бусаар огцруулах бичигт гарын үсэг зураад, хуралдаанаа тасалж, парламентыг гацааж байхад үүнээс өөрөөр яаж сануулахсан билээ. Нөгөө талаар Парламент бол хууль баталдаг, хууль тогтоодог байгууллага. Энэ байгууллага өөрөө, түүнийг тэргүүлдэг хүн нь хууль зөрчөөд эхэлбэл хэн тэгээд хууль биелүүлэх юм бэ. Хууль хэрэгжүүл, хуулийг сахь гэж иргэддээ ямар нүүрээрээ хэлэх юм бэ. Тэгэхээр нөгөөдүүлээсээ ялгаатай нь Миеэ хуулийн талд зогсож байна гэж дүгнэж болно.

Гуравдугаарт: Тэр “Би хууль зөрчсөн ямарваа нэг зүйл хийгээгүй” гэж хэлсэн. “60 тэрбум”-ын схемийг хэрэгжүүлээгүй гэдэгтээ тэр итгэлтэй байгаа юм байна. Ээлжит бус чуулган зарлаагүй нь Энхболдын буруу биш, 26 байх ёстой гарын үсгийг 22-оор орлуулах гэсэн нь харин Оюун-Эрдэнийн буруу болох нь нэгэнт ил болсон. “26 гишүүн гарын үсэг зурсан, ОК гэж Оюун-Эрдэнэ надад хэлсэн. Гэтэл 22 байсан юм уу” гэж Х.Баттулга ам алдсан сураг бий.

Гаргалгаа 3: Шударга ёсны сэлэмний ир болж яваа Л.Оюун-Эрдэнэ яагаад ЖДҮ-чдийн эсрэг дуугарахгүй байна вэ? Яагаад төмөр замын 280 сая долларын талаар ам ангайдаггүй вэ? Яагаад тэр хэдхэн сарын өмнө “Хаанаас нь ч харсан, дарга л хүн” гэж саймширч явсан хүн рүүгээ ноцно вэ. Тэр М.Энхболдыг огцруулах цорын ганц, хатуу хэцүү даалгаврыг л ах нараасаа авсан юм байна. Шагнал нь юу байж болох вэ? Янз бүрийн таамаглал гаргаж болно. Ямар ч байсан тэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалыг голсон гэсэн шүү.

М.Энхболдын үгнээс хийх гурван гаргалгаа энэ буюу.

Б.Цогт


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.