УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 19-ний хуралдаанаар Цэцийн
гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн
саналаар дэмжин баталсан. Ингэснээр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлсөн
юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга хэн болох вэ гэх асуулт өдгөө ч
эзэнгүй байсаар байна.
Ж.Амарсанааг чөлөөлөх тухай хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Р.Гончигдорж
Үндсэн хуулийн цэцийн дарга болно гэх яриа гарч байв. Тодруулбал,
Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнээс эгүүлэн татчихвал түүний суудалд очих
дараагийн хүн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гэх бор шувуу нэлээд эртнээс
ниссэн. Тухайн үед Ж.Амарсанаа "УИХ хуулийн байгууллагыг бүгдийг нь
гартаа оруулчихаад, Цэц үлдсэн учир Цэцийг гартаа оруулах гэж байна.
Цэцэд ирэх хүмүүс бэлэн болчихсон. Өөрсдөө томилчихоод хөгшин тэнэгээр
нь дуудаж, одоо хэдэн хүн чөлөөлөөд, оронд нь өөрсдийн хүмүүсээ томилох
гэж байгаа юм. Их хурлын гишүүн, 63 настай Р.Гончигдоржийгоо Их хурлын
гишүүнээс чөлөөлөөд, Цэцийн дарга болгох гэж байна” хэмээн ярьсан нь
бий.
Тэгвэл саяхнаас З.Энхболдын хүн гэгддэг З.Нарантуяа Үндсэн хуулийн
цэцийн дарга болох нь хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн юм.
З.Нарантуяагийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж
байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн аж. Тэрбээр
ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126
дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар
зүйлийн 23.2 дахь хэсэгт тус, тус үндэслэсэн талаар эх сурвалжууд
мэдээлсэн. Тэгвэл түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Үндсэн
хуулийн цэцийн дарга болж магадгүй гэнэ. Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн
даргын суудал тун удахгүй эзэнтэй болох бололтой.
Үндсэн хуулийн цэцийн дарга асан
Ж.Амарсанаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлэл хийх үеэрээ "Би Монгол
Улсын дээрээсээ дөрөв дэх хүн. Яагаад дээрээсээ дөрөвдүгээр хүн эксел
унаад, дүүргийн дарга жийптэй хажуугаар өнгөрдөг юм. УИХ-ын тогтоолоор
туулах чадвар сайтай машин өг гэсэн байна. Энэ нь сайхан будсан эксель
гэсэн үг үү” хэмээн гомдоллож, олон нийтээс багагүй шүүмжлэл сонссон.
Тэгвэл түүний хэлснээр Монгол Улсын "дөрөвдүгээр хүн” хэн болох нь олон
нийтийн анхааралд байгаа юм.
Г.НАРАН
Сэтгэгдэл