Гурил, будаагаар үнэлэгдсэн сонгогчид


Ядарсан иргэдээ задарсан гишүүд нь гурил, будаагаар үнэлдэг жишиг тогтлоо. Сонгогчдод бэлэг сэлт тарааж, саналыг нь татахыг хориглосон Сонгуулийн хууль баталсан ч нэмэр алга. Зөвхөн сонгуулийн жил хэрэгжих ёстой хууль гээд ойлгочихсон уу, эсвэл Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх сургаар эл заалтыг хүчингүй болгоно гэж боддог уу. Бэлэг ажиллагаа эхэлжээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговьд гурил, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уулын 800 ахмадад тавгийн идээний боов, Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар Дархан-Уул аймагт гурил тараажээ. Одоо араас нь хэчнээн гишүүн сар шинэ далимдуулан аяга, таваг, түмпэн шанага, архи дарсаа ачин тойргоо зүглэх юм бүү мэд.

Сонгогчид ч авах ёстой юм шиг сураг тавьцгаана. Гэвч тойргийнхондоо үнэгүй тараадаг тэрхүү бэлгэнд нэг гишүүн хэд орчим төгрөгийн зардал гаргадаг вэ гэдэгт хэн ч анхаарал хандуулдаггүй. Олонх нь хувьдаа бизнестэй, компаниасаа зардал гаргадаг байж болох ч бизнесгүй нь хаанаас эх үүсвэр босгодог вэ. Энэ бол сонгогч бүрийн мэдэж байх ёстой асуудал юм.

Яагаад гэвэл 2012 онд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн гишүүн тойргийнхондоо 40-ын бедон тараахад 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан байж болзошгүй, зардлыг нь төсвийн нэг сангаас санхүүжүүлсэн нь зориулалтын бус болж, хуулийнханд шалгагдаж байгаа сураг гараад алдарсан юмдаг.

Засгийн газрын харьяанд 20 гаруй сан бий. Түүний нэг болох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнөөгийн УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн зээл авсан тухай дуулиан одоо ч тасраагүй л байна. Муугаар бодоход тэрхүү ЖДҮХС-гийн зээлийг эргэлдүүлж, мөнгө босгоод түүнээсээ олсон орлогоороо гурил, будаа авч тараадаг бол яах вэ?

Уг нь ард иргэд УИХ-д төлөөллөө сонгоно гэдэг тойрогтоо хэрэгтэй бодлого, хөтөлбөр баталж, ажлын байр бий болго, нийгмийн өмнө тулгамдаж байгаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэг, нэг хүнд, нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчлэх бус нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль батлаад өг, ажилтай нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох боломжийг бүрдүүлж өгөөрэй гэж итгэл үзүүлэн сонгодог. Харамсалтай нь, сонгосон иргэд нь ч сонгогдсон хууль тогтоогч нь ч зорилгоо мартаж, сонгогчоо гурил будаагаар үнэлж, сонгогчид нь үнэлүүлдэг жишигтэй боллоо. Үнэндээ бол сонгогчдын хувьд энэ нь доромжлол.

Хэрэв тойргийн гишүүн тань ЖДҮХС-гаас зээл авсан л байгаа бол тэр хууль зөрчсөн үйлдэл. Авсан зээлээр нь тойрогт нь хэчнээн жижиг, дунд үйлдвэрлэгч сэвхийтэл босоод ирэх байсан бол оо гэдгийг эргэцүүлээд нэг бодоорой. Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын хувьд өнөөдрийн УИХ-ын гишүүд шиг тэрбум, тэрбумыг хүсдэггүй. 50, 60, дээд тал нь 200 орчим сая төгрөгийн зээл авчихад л сэпхийгээд босохоор байна. Шинээр 20 ажлын байр бий болж, импортоор орж ирдэг бүтээгдэхүүнийг халахаар байна л гэж ярьдаг. Тийм л боломжуудыг бэлэг тараадаг хүмүүс хулгайлсан байхыг үгүйсгэхгүй.

Одоо тойргийнхоо гишүүнд хууртагдахаа боль. Гурил, будаа ачаад очиж байгаа гишүүнээсээ ямар эх үүсвэрээс хөрөнгө босгож, энэ их бэлэг бэлдэв гэдэгт хариулт шаард. Шуудай гурил чухал юм уу, ажлын байртай болох нь илүү ирээдүйтэй юу. Бодоод үзээрэй.

Хууль ч баталж, УИХ-ын гишүүн сонгогчдодоо бэлэг тараахад хэдэн төгрөг зарцуулдаг, эх үүсвэрийг нь хаанаас босгосноо тайлагнадаг болох хэрэгтэй байна.

Насаараа бизнес хийсэн хүн цаг наргүй ажилласан компаниийн ажилчиддаа гурил будаа ч үнэгүй өгч чадахгүй байхад УИХ-ын гишүүн аймаг, сум дамнуулан гурил, будаа тараадаг нь ямар учиртай вэ. УИХ-ын гишүүн болохоор ийм өглөгч болчихдог юм уу, эсвэл өөрийн биш мөнгөөр бэлэг сэлт бэлтгэдэг болохоор хайр найргүй загнадаг уу.

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий гэдэг үгийг санах цаг болжээ.

Г.Хорол


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.