Ерөнхий сайд Г.Занданшатар амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Улмаар зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан.
Угтаа Эрдэнэс Тавантолгой ХК бол Монгол Улсын нүүрсний экспортын голлох том компани. Тус компани хэдий хэмжээний нүүрс урд хөршид хэдий хэмжээний нүүрс худалдан борлуулахаас Монгол Улсын экспортын орлого биелэх эсэх нь хамаарахаас гадна Монгол Улсын иргэн бүр тус компанийн 1072 хувьцааг эзэмшдэгийн хувьд оны төгсгөлд ногдол ашиг хүртэх эсэхэд ч нөлөө үзүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгаварыг тэнд ажиллах үеэрээ өгсөн.“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй уурхай.
Хүрээний бузрыг ярьвал далай далай гэдэг шиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг тойрсон шахаа, цавчаа, авлига тойрсон асуудлыг учигийг хөөвөл далай цаашаа юм гарна. Хамгийн гол нь бөөн дуулиан шуугиан болчихоод хариуцлага хүлээх хар толгой олддоггүй замхардаг олон хэргүүдийн адил “утаа” болчихгүй л байгаасай.
Хууль бус үйлдэл, хулгай луйвар байгаа талаар яриад өнгөрөх биш төрийн өмчийг үнэгүйдүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн дарга даамлуудад хариуцлага тооцох ажлаа хууль шүүхийн байгууллагууд нь хараат бусаар хурдан шуурхай зохион байгуулах нь чухал байна. Улсын хөрөнгийг шамшигдуулсан улстөрчид, тэдний гар хөл болсон хурган болоод төлгөн дарга нарын асуудал хууль шүүхийн байгууллага дээр очоод хав дарагддаг байдалд өөрчлөлт хийх цаг нь болсон. Засгийн газрын шинэ тэргүүн ч энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилалхаа илэрхийлж буй. Эхнээсээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийг тойрсон эргэлзээтэй асуудлууд дээр үр дүн гаргаад ажиллавал ам, ажлын зөрүү гарахгүй байх болов уу.
Тухайлбал," Эрдэнэс Тавантолгой" компани энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Үнэхээр ганц нэг техник хэрэгслийн эвдрэлээс үүдэж нүүрс ачих төлөвлөгөөний биелэлт саарсан уу эсвэл түүний цаана өөр эрх ашиг, сонирхол байгаа юу гэдгийг нарийн шалгах учиртай.
Ямартай ч АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна гэж үзсэн. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэв.
Тус компанид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ, дээрх хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 07-ны өдөр хэлсэн үг, хэрэгжүүлсэн ажилдаа Засгийн газраас томилогдсон БЭТ У.Бямбасүрэн дүнгээ тавиулна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан. Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унасан нь уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд улаан гэрэл ассаныг илтгэж байна. Ийнхүү макро эдийн засгийн үзүүлэлт оны өмнөх өөдрөг төсөөллүүдээс хасах түвшин рүү орсон нь экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарч улмаар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол оруулж төсвийн тодотголоор зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд байхаар тооцоод байна. Хэрэв цаашид нүүрсний экспортод тулгамдаад буй саад, хүрд сурталыг богино хугацаанд арилгаж нүүрсний экспортын хувь хэмжээгээ тодотгож чадахгүй бол намар улсын төсөв улайж, төсвийн тодотголоо дахин тототгож, улс орны эдийн засаг хүндрэх магадлал өндөр байна. Хэдийгээр Ерөнхий сайд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлүүлэх үүрэг даалгавар өгсөн ч тухайн зорилтод хүрэхэд амаргүй. Учир нь бид нүүрсээ ганхцан БНХАУ-д зарж байна. Айлын талд авах хэрэгцээ гарвал авна, үгүй бол ямар ч дарга мянга үүрэгдээд нэмэргүй л болов уу. Эрэлт, нийлэлтээр хэмжигддэг эдийн засгийн хууль үйлчлэх үү, эрхтэн дархтантай холбоотой эдийн засгийн хууль үйлчилж байсан уу гэдгийг энэ хугацаанд харж болно.
Үнэхээр БНХАУ-ын нүүрсний хэрэглээ саарч, хилийн боомттой ойролцоох агуулах сав нь нүүрсээр дүүрчихсэн бол бидэнд сонголт үгүй. Харин улсын эрх ашгаас хувийн эрх ашгаа илүүд тавьсан дарга даамлуудаас үүдэж нүүрсний экспорт саарсан бол энэ гурван сарын хугацаанд нүүрсний экспорттой холбоотой хилийн бойм тайлагдах учиртай. Ямар үр дүн гарахыг харж л байя даа.
https://news.mn/r/2813536/
Сэтгэгдэл