Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцуулав.
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд:
- Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 4,306.6 га газар /Мал бордох, Төмөр замын 384 дүгээр гарам, Баруун турууны хэсэг/, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар цэцэгт орчмын газар
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4,493.8 га газар /Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад газар/
- Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр 1,488.7 га газар /Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол/ зэрэг газарт хамрагдаж байгааг мэдээллээ.
Эдгээр нэр дурдагдсан газруудад мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг 2019 оны III улиралд багтаан нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.
Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлж тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Ингэснээр дээр дурдагдсан газар нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд 2019 оны III улиралд багтан тухайн газар нутгаас нүүн шилжих шаардлагатай болж байгаа юм.
Сэтгэгдэл