УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар санасандаа хүрч М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлүүлж чадлаа. Гэхдээ тэдний уйгагүй тэмцлийн үр дүн байсан гэвэл өрөөсгөл. Учир нь УИХ-ын даргыг хуулийн дагуу чөлөөлөгдөх боломжийг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж өгсөн юм. Төрийн тэргүүн УИХ-ын даргыг олонхоороо чөлөөлөх хуулийн төслийг санаачлаагүй бол өнөөдөр МАН-ынхан "хорхойтой шүд”-ээ сугалж чадахгүй байлаа.
Харин УИХ-ын дарга асан М.Энхболдыг унангуут МАН дотор дараачийн даргын марафон эхэллээ. "Гүргэр" М.Энхболдын орхин одсон суудалд залрах дараачийн эрхмийг өнөөдрөөс МАН-ын Удирдах Зөвлөлөөс тодруулах сурагтай.
Олон нийтийн зүгээс УИХ-ыг удирдах шинэ спикерээр М.Энхболдыг унагахад гар бие оролцож, ард түмний итгэлийг олж чадсан залуу гишүүдийн аль нэгийг болохыг сануулж, дэмжсээр байгаа. Тэдэн дундаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханг илүүтэй дараачийн спикер болох шаанстай хэмээж буй. Л.Оюун-Эрдэнэ ч болох боломжтой. Бүр цаашилбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын тулхтай залуус МАН-д бий.
Гэтэл залуу гишүүд маань хэл амнаас айсан уу, туршлагаасаа нэрэлхсэн үү. Дараачийн даргад туршлагатай парламентчийг тавих нь зүйтэй гэж хойрголох болжээ. Тэдний хэлээд байгаа тэр туршлагатай улс төрчид нь өнөөгийн парламентад суугаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар болж таарах юм.
Гэвч ард түмэн тэдний үзээд буй туршлагатай гэх төрийн "буг”-нуудаас нэгэнт залхжээ. Тэд төрийн толгойд гарснаар юу ч өөрчлөгддөггүй, харин ч эсрэгээрээ хэл ам, хэрүүл тэмцэл ширүүсдэг гэдгийг түмэн олон сайн мэднэ. Тэглээ ч одоогийн УИХ-ын бүрэн эрх дуусахад ганцхан жилийн хугацаа үлдсэн тул М.Энхболдоосоо илүү гарахгүй нөхдүүдийг тавьж төрийг самруулаад юү гэхэв дээ.
Тиймээс УИХ-ыг удирдах шинэ даргыг тодруулахдаа "хүний хуучин, дээлийн шинийг” гэдэг хуучирсан аргаа битгий хэрэглээрэй. Ард түмэн ахиж та нарын хэмлэлдэхийг хармааргүй байна шүү.
Шинээр томилогдох УИХ-ын дарга Ц.Нямдорж нар л биш бол хэн ч байсан яахав ээ...
А.Тамир
Сэтгэгдэл