Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудын” гэж хэлсэн үг сүүлийн үед олны анхаарлыг татлаа. Үүнийг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байна. Хамгийн үнэнд ойртсон дүгнэлт бол сэтгүүлч оновчтой, тодорхой асуулт асуух ёстой гэсэн зарчимаа барилгүй мэргэжлийн алдаа гаргаж, прокурор төрийн албан хаагчид байх ёсгүй авир гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэдэг дүгнэлт. Гэхдээ сэтгүүлч хүн прокурор гэх мэт олны өмнө төдийлөн гараад байдаггүй ховор эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг ашиглаж олон асуултад хариулт авах гэж оролдсон нь ойлгомжтой. Харин прокурор эмэгтэй хувьд хаана байгаагаа мэдэрч ямар нэгэн баг зүүхгүйгээр ёстой жинхэнэ өөрийнхөө ааш авирыг шууд харууллаа. Хүн өөрийнхөөрөө байна гэдэг сайн. Гэвч албан тушаал нь түүнийг буруутгах шалтгаан болов. Прокурор гэдэг албан тушаалтан, ялангуяа хяналтын прокурор хүний хувь тавиланг шийддэг өндөр хариуцлагатай алба. Асуудлыг олон талаас нь харж, судалж дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Бүх ажлаа хуулийн дагуу хийх үүрэгтэй ч хүнлэг байх нь түүний дараа орох шалгуур. Ийм хүн телевизийн камеруудын өмнө олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй сэтгүүлчийг "Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудын” хэмээн загнасан нь бусдын дургүйг хүргэчих шиг боллоо. Ингэхээс ч аргагүй юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө ингэж авирлаж байгаа хүн ажлаа хийхдээ эгэл жирийн иргэдтэй яаж харьцах нь ойлгомжтой. Хамгийн наад зах нь "Чи дуугүй байж бай” л гэнэ. Алдаа дутагдал гаргасандаа гэмшиж асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хүмүүс түүний эвийг олох гэж тал зассаар ийм болгосон байхыг үгүйсгэхгүй.
Eagle.mn
Сэтгэгдэл