Швейцарийн прокурор Рио Тинтог авлигын хэрэгтэй холбогдуулан шалгаагүй гэжээ


Монгол улсад хэрэгжиж байгаа Оюу Толгойн зэс, алт олборлох төслийг тойрсон авлигын хэргийг Швейцарийн Холбооны улсын ерөнхий прокурорын газар шалгаж байгаагаа мэдэгдэж байсан.

Швейцарийн прокурор Рио Тинтог авлигын хэрэгтэй холбогдуулан шалгаагүй гэжээ

 

Тэгвэл тус байгууллага дээрх хэрэгт Англи-Австралийн Рио Тинто компани шууд холбогдолгүй, хэргийг шалгах ажиллагаа тус компанийг чиглээгүй гэдгийг тодруулжээ.

Монгол улсын Авлигатай Тэмцэх Газрын хүсэлтээр авлигын мөнгийг төлөхөд ашигласан байж болзошгүй банкны данснуудыг Швейцарийн прокурор битүүмжлээд шалгаж байгаа юм.

Рио Тинто нь Оюу Толгой төслийг Канадад бүртгэлтэй Туркойз Хилл компаниар дамжуулж хянадаг.

Харин есөн жилийн өмнө Монгол улсын засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед Рио Тинто нь Туркойз Хиллийн 10 хувийг эзэмшиж байжээ. Тэр үед Туркойз Хилл нь Айвенхо Майнз нэртэй байсан юм.

Сүүлд Рио Тинто нь тус компани дахь өөрийн эзэмшлийн хэмжээг 51 хувь болгон нэмэгдүүлжээ.

Оюу Толгойн уурхайн $5 тэрбумын өртөгтэй өргөтгөл нь Рио Тинтогийн хувьд чухалд тооцогдож байгаа төсөл юм. Уурхайн өргөтгөлийн дараа 2025-2030 онд жил бүр 560,000 тонн зэс олборлох тооцоотой байна.

Швейцарийн прокурорын мэдэгдэл нь Рио Тинтог нэг ч гэсэн дуулианаас салахад нь дэм болж магадгүй юм.

Тус компани одоогоор Африкийн нүүрсний болон төмрийн хүдрийн уурхайн төслүүдтэй холбоотой асуудлаар АНУ, Британий хуулийнханд шалгагдаж байгаа ажээ.

Эх сурвалж: Financial Times


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.