Нийслэлчүүд даргагүй сар шинийн баярыг угтаж байна. Улаанбаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг дарга Су.Батболд өнгөрсөн л оны арваннэгдүгээр сарын сүүлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр “Ерөнхий сайдаас миний биеийг огцруулахаар санал гаргасан байна. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Ийнхүү Ерөнхий сайдын таалалд нийцээгүй учир хотын дарга ажлаа өглөө. Үүний дараа Ерөнхий сайд өөртэйгээ гар нийлэн ажиллах “шинэ хүн” сонгох хэрэгтэй болов. Тохироо ёсоор эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг, томилуулах чиглэл барив. Энэ дагуу Удирдах зөвлөл ч шийдвэрээ гаргав.
Гэвч НИТХ-ын хуралдаан эхлэхэд намын шийдвэр “үл тоогдов”. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлмэгц НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүллээ. Улмаар С.Мөнхчулуун НИТХ-ын төлөөгчдийн олонхын саналыг авч, Хотын даргаар сонгогдов.
Намаас гарсан шийдвэрийг үл тоон, нэрээ дэвшүүлж олонхын санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл батламжилсангүй. Удирдах зөвлөлийн шийдвэр хана мөргөснөөс үүдэн Ерөнхий сайд асуудлыг гацаалаа. Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууны зүгээс “Ерөнхий сайд намайг батламжлахгүй байх үндэслэл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Гэвч Ерөнхий сайд энэ асуудлыг хэрхэн шийдэх эсэх нь тодорхойгүй байсаар байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
Сэтгэгдэл