Египетийн Соёлын сайд Халид Анани саяхан мэдээлэл хийж, энэ талаар мэдэгдсэн байна. Археологчид Каираас өмнө зүгт орших Миня муж дахь Тона уулын оршуулгын газраас эртний Египетийн гурван бунханыг олж илрүүлсэн байна. Ийн бунхан дотроос сайн хадгалагдсан 40 гаруй муммиг олжээ. Египетийн Соёлын яам болон Минягийн их сургуулийн археологийн судалгааны төвийн хамтарсан баг өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор малтлагын ажлыг эхлүүлсэн аж. Эдгээр мумми нь тус улсын 2019 оны анхны томоохон археологийн олдвор юм. Малтсан гурван бунханы хоёр нь хоорондоо холбоотой байсан бөгөөд дотор нь маш олон мумми байсан гэнэ. Харин гурав дахь бунханаас археологчид шавар, мод, шохойн чулуугаар хийсэн авс олсон байна.
Хэвлэлийн хурлын үеэр Египетийн эртний түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах комиссын нарийн бичгийн дарга Мустафа Вазри “Бид гурван бунханаас нийт 50 гаруй мумми олсон. Тэдгээрийн заримыг ойролцоох агуулахад хадгалсан. Харин 40 гаруй мумми нь маш сайн хадгалагдсан байсан” хэмээн ярьжээ. Мөн хамтарсан археологийн багийн гишүүн, Миня их сургуулийн археологийн тэнхимийн профессор Ахмед Ата “Муммигийн гуян дээрх грек бичээсийг үзэхэд тус гурван бунхан нь ойролцоогоор 2000 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн элит давхаргын гэр бүлийнх байж магадгүй. Үүнээс гадна бунхан дотроос нохойны зургаан мумми олдсон” гэсэн байна.
Сэтгэгдэл