У.Хүрэлсүх 16 сарын дараа хаачих вэ...


Сүүлийн жилүүдэд улс төрд уухай хашгираад босохоороо бут ниргэх болсон нэг эрхэм бий. Энэ хүн бэ гэдгийг уншигчид төвөггүйхэн ойлгочих байх. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намынхаа нөхдийг элдэв янзаар боорлосны хүчинд ард түмнээс онц гэсэн дүн авсан хэмээн эндүүрч явдаг. Яг үнэндээ түүний хэлсэн сүржин үгнүүд хэсэг нөхдийг байлдан дагуулж эхэлсэн ч хийсэн бүтээсэн зүйл одоогоор алга.

Тэрбээр хий хоосон хийрхэл шударга ёсоор өлссөн ард түмний найдвар дээр л ажиллаж байна. Тэнд л тэр улс төр хийж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд сардаа нэг удаа юм нь ирээд ааш нь хувирсан хүүхэн аятай "Цагаан суваргыг чинь хураана аа!!!" гэж хашгирдаг. Тэрийг нь сонсоод олон нийт тэр аяараа дур тавина. Мэдээж түүний дэмжигчдэд "Цагаан суварга"-ыг хураах нь биш дур тавих нь чухал бололтой байдаг. Учир нь хэн ч "Яаж хураах юм бэ?, Яг хэзээ хураах юм бэ?" гэж асуудаггүй. Бас Ерөнхий сайд, Засгийн газар хураах талаар ямар нэг тушаал, захирамж, хууль, тогтоол санаачлаагүй, төлөвлөөгүй, зарлаагүй.

Тэгэхээр хураахгүй л гэсэн үг. Хэрэв асуувал МАНАН бүлэглэл гэж эхлээд, Эрдэнэтийн 49 хувийг үргэлжлүүлэн ярьсаар бултана. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ийм л улс төрийг МАН хийж ирлээ шүү дээ. Хоноцын сэтгэлээр ханадаж, сард нэг удаа "поп"-роод дуусгана гэвэл одоо Ерөнхий сайдад 16 сар үлджээ.

Путинг дуурайх имиж. Шалдан цээжиндээ буу мөрлөж, морь унах зураг. Гитар барьж гарч ирээд рок болох төрх. Фитнессээр хичээллэж булчингаа хөгжүүлж гоё харагдах урлаг. Цэргийн хүн байсан гээд цэрэг хувцас өмсөж, хурандаа мөрдэс зүүх аархал. УИХ-ын гишүүнийг танхимаас нь татаж гаргаж ирээд шанаадах ааг. Хурган дарга нарыг суулгаж байгаад загнаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацах. Энэ бүхэн түүний хийдэг, дэндүү сайн чаддаг ганц ажил. Энэ чадвараараа тэрбээр МАН-ыг засаг барих болгонд эрх ямба эдэлж байсан нь ч үнэн. “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” хэмээн та хэлсэн. Гэвч хэзээний та ард түмнийхээ итгэлийг аль хэдийнээ алдаад эхэлсэн бөгөөд У.Хүрэлсүх бас л нэг худлаа нөхөр байж хэмээн олон нийт үзээд эхэлчихлээ. 

Б.Учрал

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.