ТАМИРЧИД НЭР АЛДРЫН ТӨЛӨӨХ ЗОЛИОС БИШ ШҮҮ, ОЛИМПИЙН ХОРООНЫ УДИРДЛАГУУД АА


Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудал эрх мэдэл, албан тушаалд дуртай хэсэг бүлэг нөхдийн улайран тэмцэх талбар болж хувираад буй. Учир юу гэвэл, ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнгээ ажлаа хүлээлгэж өг гэж “Олимпоо аваръя” хөдөлгөөнөөс дөрвөн жилийн өмнө шантаажилсан удаатай. Идсэн, уусан гэх яриа гарахтэй зэрэгцэн Д.Загдсүрэн ч зүгээр суулгүй мэдэгдэл гаргаж байв. Уг мэдэгдэлд “МҮОХ нь олон улсын байгууллагаас cap бүр 200 мянган ам.доллар биш харин жилд дунджаар 300 мянган ам.долларын санхүүжилт авдаг. Хорооны газар дээр “Хьюндай” автомашины төв бариулсан гэсэн. Энэ хэсэг газар хэзээ ч МҮОХ-ны эзэмшилд байгаагүй. Спортын төв ордонд спортын барааны дэлгүүр ажиллуулдаг гэдэг худлаа. Надад ийм дэлгүүр байхгүй. Тамирчдад гашилсан тараг өгсөн гэсэн нь бас худлаа” гэж яаран сандран мэдэгдэж байв. Үүнээс хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн 2018 онд тэрбээр тэтгэвэрийн нас болсон тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Ийнхүү МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар төлөвлөсөн ч өнгөрсөн сард ерөнхийлөгчийг сонгох ээлжит хурал зарлав.

Уг сунгаанд тэтгэвэртээ суухаа мэдэгдсэн Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн асан Энэбишийн Мөнх-Очир болон Бат-Энх гэсэн гурван хүн өрсөлдөхөд гишүүдийн олонх нь хуучин удирдлагаа санагалзсан уу, эсвэл найраа орсон уу бүү мэд. Ямартай ч Д.Загдсүрэн ялсан юм. Гэвч Энэбишийн Мөнх-Очир өөрийгөө ерөнхийлөгч болох хувьтай хүн хэмээн бухимдаж, шүүхэд хандах болсноор МҮОХ тодорхойгүй хугацаагаар тэргүүнгүй хоцров.

 

Ерөнхийлөгчийн суудлын төлөөх эл тэмцлийн хойгуур гадаад, дотоодын олон тэмцээн, наадам болсны нэг нь ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо 2019 оны хоёрдугаар сарын 8-17-нд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын найман төрлөөр зохион байгуулсан юм. Гэтэл наадамд явах баг тамирчдын багт мэргэжлийн эмч хамт явуулаагүйгээс болж, тамирчид нэр алдрын төлөөх золиос уу гэж асуухад хүрээд байна.

 

Олимп, тив, дэлхийн аваргын төлөөх тавцан бол дэлхийд улсынхаа нэр алдраа дуурсгаж, эв нэгдлийг бахдан харуулдаг их талбар. Гэтэл жил бүр 300 мянган ам.долларын татаас авдаг гэх хэрнээ ганцхан эмчийн замын зардлыг даагаад баг тамирчидтайгаа явуулж чадахгүй луу унжсан нь харуусал эрхгүй төрүүлэв.

Учир нь бага насны тамирчид бол туршлага суусан архагуудаас илүү гэмтэж бэртэх магадлал өндөр. Тэд биеэ хэрхэн зөв халааж, булчингаа бүрэн суллах гээд мэргэжлийн бүх зүйлд 100 хувь туршлагажаагүй. Тэдний эл насандаа биеэ хэрхэн гамнаж, зөв хичээллэсний үр шимээр ирээдүйн амжилт тодорхойлогдох учиртай. Гэтэл ирээдүйн мастерууд гэсэн цаасан малгай өмсгөчихөөд хүний нутаг руу “цөлөх” нь байж боломгүй зүйл мэт. Хүүхэд бол хүүхэд. Тэд юу ч бодож санахгүй, зөвхөн тэмцээнд ялах юмсан гэдэг эр зоригоор жигүүр хийхээс бус ямар нэг эрсдэл учирбал хэн намайг хамгаалах бэ гэдгийг огтхон ч бодох завдалгүй яваа. Яг энэ эгзэгтэй үеийг нь Монголын Үндэсний олимпийн хороо овжиноор “ашиглаж” ганц эмч явуулчих сэтгэлгүй байгаа нь тэмцээнийг нь голсон уу, эс бөгөөс баг тамирчдаа үл тоосон уу гэдэг асуултыг асуухад хүргэж байна.

Учир мэдэх хүмүүс олон улсын тэмцээнээр далимдуулж, мөнгө тонших боломж нээгддэг гэх. Хамгийн наандаж, хувцас хэрэглэлээс эхлээд хямд өртөгтэй, чанар муутай барааг шахдаг болох нь батлагдсан удаатай. Хэрвээ уншигч та мартаагүй бол “Эрээнд” үйлдвэрлэсэн хямдхан цүнхийг “брэнд”-ийн мэтээр ойлгуулж, тамирчдад шахсан нь илэрч цөөнгүй хүн нүүр хийх газаргүй болж байв.

За энэ ч дүүрч. Бүр баг тамирчидтай хамт заавал явах ёстой хүмүүсийг жагсаалаас хасч, ямар ч хамааралгүй шахуу албаны хүмүүсийг олноор нь эс бөгөөс өөрийн хамаатан садан, найз нөхдөө шахдаг гэх асуудал олон удаа гарсан. Энэ нь ч цөөнгүй тэмцээний үеэр илэрч, дуулиан дагуулж байлаа.

 

Сахалинд болсон тэмцээний үеэр ч гэсэн ийм зүйл давтагдсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь Биеийн тамир, спортын газраас мэдэгдснээр баг тамирчдын жагсаалтыг Олимпийн хорооноос гаргасан гэх. Ингэхдээ эмчийн хувааргүй зардлын тооцоо батлуулсан байх юм. Эндээс үзвэл, Олимпийн хорооныхон ерөнхийлөгчийн сунгаанд оролцох гээд завгүй тэмцэлдэх зуураа тэмцээнд явах гэж байгаа баг тамирчидтай хамт эмч явуулахаа мартчихсан эс бөгөөс албаны гэх нэршилтэй хүнийг оронд явуулсан ч байж мэднэ. Ингэж хардах үндэслэл бидэн бүрэн бий. Учир нь дээр өгүүлсэнчлэн өмнө нь тохиосон гашуун түүх олон бий учраас тэр шүү дээ. 

Азаар манай баг тамирчид гэмтэж бэртэлгүй Сахалинаас ирлээ. Гэхдээ л эх сурвалжийн өгүүлснээр хамт явсан дасгалжуулагч нуруундаа бэртэл авсан гэх мэдээлэл бий. Хэрвээ энэ  үнэн бол бас асуудал дагуулж мэднэ. Түүнчлэн Монгол Улсаа төлөөлж очсон төлөөлөгчдийн нэгнийх нь бие муудах үед эмч дуудах гэж багагүй сандралдсан бололтой юм. Хэрэв зээ зохион байгуулагч талаас яаралтай арга хэмжээ аваагүй бол Монголын сагсан бөмбөгийн нэр зүтгэлтэн Д.Уртнасангийн амь насанд эрсдэл учрах байв. Азаар аюул холуур өнгөрсөн ч тэрбээр өнөөг хүртэл ОХУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг ОХУ-д үргэлжүүлэн эмчлүүлэх үү, эсвэл нааш нь авчрах уу. Авчрах бол яаж авчрах вэ гэдгийг тодорхойлохоор хоёр хүн өчигдөр Орос руу хөдөлсөн. Энэ бүх чирэгдэл эмчийн орон тоог багийн жагсаалтаас хассанаас үүдэлтэй. 

 

Эцэст нь МҮОХ-ноос сандал ширээ булаалцалдаж суухын оронд улсынхаа нэр алдрыг дуусгахаар яваа бяцхан тамирчдын багт ганцхан эмчийн зай гаргаад хамт явуулсан бол өдийд Д.Уртнасангтийн сахарын өвчин ингэж хүндрэх байсан ч юм уу, үгүй ч юм уу. Дээр нь манай үе үеийн тамирчид тэмцээний үеэр хөнгөн, хүнд бэртэл авч байсан удаатай. Эдгээрийн цөөнгүйд нь эмч яваагүйгээс болж өөрсдөө домоглодог байсан тухайгаа ил цагаан өгүүлсэн байдаг. Гэхдээ энэ бол нэлээд олон жилийн өмнөх явдлууд шүү. Харин сүүлийн жилүүдэд зохиогдсон Олимпийн хорооны мэдлийн тэмцээнүүдэд дандаа эмч дагалдан явдаг байсан. Гэтэл энэ удаагийн тэмцээнд энэ дэгийг зөрчсөн нь ямар учиртай юм бэ. Оронд нь шахааны хүн явсан уу, эсвэл эмчийн зардлын мөнгийг замаас нь тоншчихсон юм уу.

Хэрвээ тэмцээний үеэр тамирчин хүүхдүүд гэмтэл бэртэл авсан бол хэн хариуцлага хүлээх байсан бэ. Сандал ширээгээ булаацалдаж суугаа олимпийн хорооны удирдлагууд лав биш. Харин бүх хариуцлагыг дасгалжуулагчийнх хар толгойдоо үүрүүлэх байсан нь лавтай. Тиймээс тэмцээнийг их, бага гэж ялгаж, тамирчдыг том, жижиг гоочлолгүй мэргэжлийн эмчийг заавал хамт байлцуулж байгаач гэж Олимпийн хорооноос гуйя.

Г.Нацаг

24TSAG.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.