ЮНЕСКО-ийн хувьд, эх хэл болгон нийтэд танигдан, хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн бүхий л салбарт чухал байр суурь эзлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үздэг. Гэсэн ч газар бүрд ийм байдаггүй. Эх хэл нь үндэсний, албан ёсны эсвэл сургалт явуулдаг хэл болоогүй тохиолдол их байдаг. Энэхүү байдал нь эх хэлний ач холбогдлыг сааруулж, урт хугацаандаа тухайн хэлийг устах аюул нөмөрч байдаг.
Эх хэлний олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй 20 жилийн ойн босгон дээр бид дэлхий дээрх бүх эх хэлний амин чухлыг ямагт санан, тэдгээрийн энх тайвныг цогцлоох, тогтвортой хөгжлийг дэмжихэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай юм.
Сургуульд суралцах эхний жилүүдэд унших, бичих, тоо бодох зэрэг үндсэн чадварыг эзэмшин бичиг үсэгт тайлагдахад эх хэл чухал үүрэгтэй. Эдгээр чадвар нь хувь хүний хөгжлийн үндэс суурь болдог билээ. Эх хэл нь тухайн үндэстний уламжлах, бүтээх сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл төдийгүй мэдлэг, инновацийн эх булаг юм.
Ер нь олон зүйлийг хийх шаардлагатай байна. Суралцагчдын эх хэл нь сургуулийн бага ангиудад хичээл ордог хэл биш байх явдал цөөнгүй байна. ЮНЕСКО-ийн судалгаагаар, дэлхийн хүн амын бараг 40 хувь нь өөрийн ярьж, ойлгодог хэлээр сурч чадахгүй байна. Хэдийгээр эх хэл нь хүний суурь олон чадварыг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтойг баталсан зэрэг судалгааны үр дүнг үл анхааран хуучин нөхцөл нь хэвээр хадгалагдсаар байна.
Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалд заасанчлан уугуул иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлж байдаг. 2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна.
Дэлхий дээр 370 сая орчим уугуул иргэд байдаг ба энэ нь өдгөө хэрэглэгдэж буй 7000 гаруй хэлний дийлэнх хувийг эзэлж байна. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядууралд өртөж, хүний эрхийн зөрчлийн хохирогч болсоор байна.
Хэнийг ч ардаа үл орхихгүй байхыг уриалсан Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын хүрээнд уугуул иргэд өөрсдийнхөө хэлээр боловсрол эзэмших нь нэн чухал юм.
ЮНЕСКО-ийн гишүүн орнууд болон боловсролын түнш байгууллагуудад уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохыг Эх хэлний олон улсын өдрөөр уриалж байна.
Оллоо.мн
Сэтгэгдэл