Хамгийн цэгц шулуун зан бол аль ч үед ноён нуруугаа алдахгүй байх явдал. Харин нийгэмд энэ байдал сүүлийн жилүүдэд бүдгэрч, сургаар хашгирах, сүр дуулиан тарих явдал хэрээс хэтэрлээ. Асуудалд чигч шулуун, олон ургальч байдлаар хандсан байр суурь олон нийтийн сүлжээнд “од” болох маягтай. Сургаар, баримт нотолгоогүй, олон нийтийн сүлжээгээр нэг нь сенсаац дэгдээхэд ямар ч мэдээлэлгүй өөр нэгэн дэвэргэдэг бүхэл бүтэн “масс” бий болчихжээ. Ийм л учраас асуудалд чиг баримжаа ярихад хүргэж байна.
Саяхан даа, KFC түргэн хоолны сүлжээ рестораны “Зайсан” дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авав. Мэдээж, эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал учраас няхуур, нарийн нямбай хандах нь зүйн хэрэг. Гэхдээ олон нийтийн сүлжээнд давлагаалсан “хүн сүргийнхний” хандлага аясаар төрийн ажлыг явуулмааргүй байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээгээр “Зайсан” дахь салбарын ундны ус бохирдол ихтэй байгаа гэж гарсан. Гэтэл ганц “Зайсан” гэлтгүй нийслэл хот даяар хөрсний болоод ундны усны бохирдолтойг холбогдох албанаас хийсэн удаа дараагийн судалгаа харуулж байна.
Бүр нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой гарсан. Нийслэлийн өөр хэсгийн ундандаа хэрэглэж байгаа усыг “Зайсан” орчмын устай харьцуулж дээж авахад хэд дахин илүү бохирдолтой гарчээ. Гэсэн ч KFC сүлжээ рестораныг Монголд байгуулахад тавигдах шаардлага өндөр байсан учир түүнд хэрэглэх усыг хэдэн давхар шүүлтүүрт оруулж өдгөө ашигладаг юм байна.
Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага өөрсдөө стандарт тогтоогоогүй хэр нь ямар ч асуудалд стандарт ярьдаг. Бүх салбарт яг таг мөрдөх стандарт гаргаад түүнийгээ хэрэгжилтийг хангуулахаар “шаарддаг” бол шал өөр хэрэг л дээ. Энэ ганц мэргэжлийн хяналтын байгууллага бус өөр төрийн хяналт шалгалтын байгууллагуудад ч бий. Түүнийгээ хэвлэл мэдээлэл дуудаж байгаад зарлачихдаг. Энэ нь мэдээллийн их урсгалд орж, зарим нэгэнд нь буруу ойлголт төрүүлдэг. Ялангуяа олон улсад муугаар “уншигдаж” эргээд манайхаас хөрөнгө оруулалт хумигдах, хөрөнгө оруулагчид дайжих болдог. Уул уурхайн салбарт энэ том сургамж болсныг бид хаа хаанаа мартаагүй байгаа. Эдийн засаг яаж доройтож, ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсныг харахад төвөггүй ойлгох биз ээ.
KFC сүлжээ рестораныг өмөөрөх гэсэнгүй. Нийслэлд өнгө, хөрөнгө оруулалт нэмж эдийн засагт хувь нэмэр оруулж буй энэ сүлжээг олон нийтийн сүлжээгээр “элдэвлэсээр” байгаад Монголоос үргээчих вий гэх болгоомжлол байна. Асуудлыг эдийн засаг талаас нь хармаар байна. Бид жижиг эдийн засагтай, буурай орон шүү дээ. Монголд хөрөнгө оруулалт, мөн өч төчнөөн хүнийг ажлын байраар хангаж, амьжиргааг залгуулж буй газруудын нэг KFC мөн. Эдний 45,000 салбар дэлхийн 135 оронд, өдөрт 12 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилж байна. Дэлхийн сая сая хэрэглэгчийг татсаар ирсэн энэ сүлжээ рестораны салбар Монголд нээгдэхэд нийслэлчүүд эергээр хүлээж авч байсан. Тиймдээ ч өдгөө 11 салбартай болоод байна. Дэлхийн бүх оронд нэг л стандарт хэм хэмжээ мөрдүүлдэг учир тэр дагуу л ажиллаж, орчин нөхцөлийг нь бүрдүүлж буй.
КFC хаагдлаа ч дахиад л өөр сүлжээ рестораны салбар орж ирнэ. Магад ижил бизнес эрхлэгчдийнх нь явуулж буй “пи-ар”-аас үүдээд олон нийтийн сүлжээгээр энэ мэдээлэл эрчээ аваад байж мэдэх ч юм.
Нэг салбараас илэрсэн зөрчлийг бүх салбарт нь нааж, хаах нь зөв гэх орилогсод олон байна. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд чухал, гэхдээ асуудлыг олон ургальч талаас нь харах боловсрол, сэтгэхүй бидэнд бас үгүйлэгдэж байна шүү дээ.
http://eagle.mn
Сэтгэгдэл