“Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжиж ажиллана


Өнөөдөр /2019.02.25/ УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, МУИС-ийн төгсөгч Ё.Баатарбилэг МУИС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар оролцлоо.

Уулзалтаар “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай ярилцаж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийн хүрээнд баригдах хичээлийн VI байрны газрын зөвшөөрлийн асуудлаар Хотын захиргаанд уламжилж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд Үнэлгээний хороог Монгол Улсын Их Сургууль дээр өргөтгөн, үргэлжлүүлэн эрчимтэй ажиллуулах чиглэл өглөө.

Монгол Улсын Их Сургуулийн зүгээс дээд боловсролын хүрээнд болон тус сургуулиас цаашид хэрэгжүүлэх шаардлагатай, бодлогын дэмжлэг хүссэн ажлын албан хүсэлт, саналуудыг сайдад танилцуулав.

Тухайлбал Засгийн газраас баталсан Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжид Судалгааны их сургууль, эндаумент сангийн тухай заалтыг тус тус оруулах, төрийн өмчит их, дээд сургуулиудад олгодог тогтмол зардлын санхүүжилт сүүлийн жилүүдэд олгогдоогүй бөгөөд энэхүү зардлыг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Үүнчлэн Оюутны хөгжлийн зээлийн журмыг эргэн харж зээл олгох голч оноог улсын хэмжээнд чухал ач холбогдолтой байгалийн ухаан, инженер, багш, технологийн салбар, мэргэжлийн оюутнуудад уян хатан байдлаар өөрчлөх санал тавьсан юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Монгол Улсын 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд оруулах зорилт тавьсантай холбогдуулан МУИС нь олон улсын их сургуулиудын эрэмбэ тогтоодог QS Ranking байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнгөрөгч онд олон улсын эрэмбэ тогтоолгохтой холбоотой сургалт, зөвлөгөөнийг QS Ranking байгууллагаар Монголын төрийн өмчит их, дээд сургуулиудыг оролцуулан зохион байгуулсан бөгөөд МУИС, ШУТИС, СУИС, МУБИС зэрэг сургуулиуд уг байгууллагаар эрэмбэ тогтоолгох хүсэлтээ илгээсэн байгаа тул цаашид олон улсад Монгол Улсын их сургуулиудын эрэмбийг тогтоолгохтой холбоотой гарах зардлыг улсын төсөвт суулгах санал гаргалаа.

МУИС-ийг түшиглэн докторын зэрэг хамгаалуулах 17 зөвлөл ажилладаг бөгөөд зарим их сургууль дээр ажиллаж буй ижил үйл ажиллагаатай зөвлөлийн давхардлыг арилгах, чанарыг сайжруулах, хамгаалуулах зарим зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотой саналыг танилцуулав.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг МУИС-ийн зүгээс гаргасан саналуудыг хүлээн авч бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.