Хятадын байгалийн хийн импорт ба Монголын нүүрсний экспорт


Хятадын байгалийн хийн импорт ба Монголын нүүрсний  экспорт

 

Нүүрсний импортоос  Монгол Улсад орж байгаа орлого  хэдийнэ нэг их наяд төгрөгийг  даваад байгаа. Энэ хэрээрээ төсөвт төвлөрөх орлогын багагүй хэсгийг хар алтны экспортоосоо оруулдаг.

БНХАУ-ын хувьд  одоогоор манай нүүрсний цорын ганц зах зээл бөгөөд  харин энэ талаараа Монголтой өрсөлдөгч ОХУ, Австрали, Индонези гэхчлэн олон өрсөлдөгчид бий. Эдгээрээс  Австрали Хятадын нүүрсний хэрэглээний 44 хувийг дангаараа хангадаг, үүнээсээ Австрали жилд 64 тэрбум ам.долларын ашиг хүртдэг гэх  тоо баримтыг   www.abc.net.au- гийн мэдээнд дурдсан нь буй. 

Австралийн Статистикийн  байгууллагын мэдээгээр тус улс 2018 онд 386 сая тонн эрчим хүчний  болон коксжих нүүрс экспортолсон гэжээ. Үүнээс 89 сая тонныг нь Хятадад нийлүүлжээ. Энэ бүхнээс харвал энэ хоёр улсын хувьд авч өгөлцөж сурсан худалдааны сайн түншүүд гэлтэй.

Гэхдээ энэ сарын эхнээс л Австрали Хятадын хооронд, ялангуяа нүүрсний экспорт импортод таагүй байдал бий болоод байна.  Эхнийх Австралийн коксжих нүүрсний гол бүс нутаг Куэнсланд мужид үер болж төмөр замын дэд бүтэц  болон уурхайнууд усанд автсан гэх мэдээлэл.

Харин хоёр дахь нь БНХАУ-ын Засгийн газар Австралиас нүүрс импортолдог гол шугам болох Далянь боомтоо тодорхойгүй хугацаагаар хаасан  явдал болов. Тус боомтоор импортлох нүүрсний хэмжээг  2019 онд 12 сая тонноос хэтрүүлэхгүй гэжээ.

Бүр  ноцтой нь гэвэл “БНХАУ-ын эрх баригчид 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 40 хоногийн хугацаанд Австралийн нүүрсийг хил нэвтрүүлэхгүй байх хориг тавив. Шаардлагатай гэж үзвэл уг хоригийн хугацааг сунгах болно” гэсэн хэвлэлийн мэдээлэл байгаа юм. Үүнийг ОХУ-ын Vesti.ru сайт  мөн мэдээлсэн.

Хятад улсын хувьд нүүрснээс илүү байгалийн шатдаг хийн импортод ач холбогдол өгч байгаа. Шинжээчдийн тооцсоноор Хятад улс 2023 он гэхэд байгалийн хийн хэрэглээгээ 37%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэр үедээ жилд 171 тэрбум шоо метр хий импортлох тооцоо гаргажээ.

Харин үүний хариуд Авсрали “Хятадад нийлүүлж буй нүүрсний экспортын дөнгөж 1,8%-ийг   Далянь боомтоор дамжуулдаг болохоор энэ нь тийм ч их хэмжээний нүүрс биш. Энэ нь нүүрсний  экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг хэлж байх юм.  Гэхдээ л Хятадын энэ шийдвэрийн улмаас Австралийн дотоодод эдийн засгийн сөрөг хандлагууд хэдийнэ ажиглагдаж эхлээд байна. Тухайлбал, дээрхи мэдээлэл гарсаны дараахан  Австрали долларын ханш унаж,  уул уурхайн BHP компанийн хувьцаа 0,42, мөн New Hope Group-ийн хувьцаа 3,55%-иа тус тус буурчээ.

Худалдааны хоёр том түншийн хооронд ийнхүү  “цээлийн ус цалгисан нь”  улс төрийн учир шалтгаантай хэмээн ажиглагчид онцолж байгаа юм. Тэгснээс хэрэглээ  хэрэгцээ гэхчлэн эдийн засгийн утгаараа бус гэлцэж байна. Энэ ч үнэний ортой байх.

Сүүлийн үес Австрали  улс Хятадын компаниуудын  технологийн хөрөнгө оруулалтаас татгалзах болсон нь Бээжинг гэдийлгэх нэг шалтгаан болсон байх. Түүнчлэн Папуа Шинэ Гвиней орчимд  тэнгисийн цэргийн бааз байгуулахад Австрали улс АНУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон нь Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөлөл, эрх ашигтай шууд сөргөлдсөн гэж үзэх шалтгаан байгаа бололтой.

Хятадын харилцаа холбооны Huawei болон ZTE компаниудын  Австралид нэвтрүүлэхээр төлөвлөж байсан  5G сүлжээг үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн үзэж  өнгөрөгч оны наймдугаар сард хориглосон. Харин Хятад  үүний хариу болгож 2018 оны 11 дүгээр сард Австралийн үр тарианы импорттой  холбогдуулан  демпингийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа  билээ.

Австралийн нүүрсний импортод тавьсан Хятадын хоригийн уг шалтааныг энэ мэт хоёр орны хоорондох далдхан  сөргөлдөөнтэй холбон тайлбарлаж байгаа ч  Хятад Улсын агаарын бохирдлыг бууруулах талаар олон улсын  өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгийг  холбож ойлгох шаардлага бас байгааг дурдалгүй өнгөрч боломгүй.

Австралид тавьсан хориг Монголын нүүрсний экспортыг дэмжих үү

Дээрхи хоригтой холбогдуулан Монголын нүүрсний  экспортод  үүлэн чөлөөний нар гийлээ, энэ оргил үеийг ашиглах ёстой гэсэн дэврүүн санал бодол  энд тэнд дуулдаж л байна. Мэдээж, нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй ч бидний боломж, тээврийн нөхцөл байдал яг хуучнаараа  байгаа ийм нөхцөлд  санаа байвч сачий хүрэхгүй гэдэгтэй адил. Өөрөөр хэлбэл нэгэнт зам харилцааны хязгаарлагдмал боломжтой  монголчуудын хувьд энэ богинохон циклийг  гайхамшиг болгоно гэдэг худал. Харин нүүрсний үнэ нэмэгдэж болох ч эрэлтээсээ л шалтгаална.

Нөгөөтэйгүүр  урд хөрш  нүүрсний импортоо жилээс жилд бууруулах хатуу бодлого баримталж байгаа гэдгийг  санах ёсой. Тухайлбал, Бээжин болон Хэбэй, Шаньдун, Хэнань, Тяньцинийн бүс нутгуудын нүүрсний хэрэглээг  2020 он гэхэд 10% бууруулах хатуу төлөвлөгөөтэй. Мөн Янцзи бүс нутагт энэ төрлийн  түлшний хэрэглээг мөн хугацаанд  5% хувь бууруулна.

Үүнээс гадна 2020 он хүртэл ган, кокс, үндсэн хөнгөн цагааныг үйлдвэрлэх шинэ хүчин чадал бүс нутгуудад үйл ажиллагаа явуулахгүй  байхаар баримт бичигт тусгасан.  Мөн тус улсын ган үйлдвэрлэлийн 25% -ийг эзэлдэг Хэбэй муж  үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулж, 2020 он гэхэд нийт хүчин чадлыг 200 сая тонн хүртэл хорогдуулахаар төлөвлөж байна.

Тус улсын хувьд  нүүрснээс илүү байгалийн шатдаг хийн импортод  ач холбогдол өгч байгаа.  Шинжээчдийн тооцсоноор  Хятад улс 2023 он гэхэд байгалийн хийн хэрэглээгээ 37%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэр үедээ  жилд 171 тэрбум шоо метр  хий импортлох тооцоо гаргажээ.

Энэ бүхнээс эргэцүүлэхэд ирээдүйд Хятадын байгалийн хийн импорт Монголын нүүрсний экспортын үнэ цэнийг хэрхэн залах бол гэсэн асуулт  гарч байгаа юм.

П.Булган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.