Эцэг, эхчүүдийг айдаст автуулж буй "Момо" гэж юу вэ?


Монголын фэйсбүүкчдийн дунд Youtube сувгийн бичлэгүүд дундуур гарч хүүхдүүдийг айлгаж буй "Момо" гэгчийн тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ хүүхэлдэй анх 2016 оны 8-р сард Японы  үзэсгэлэнд тавигдаж байжээ. Момо-г аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсава бүтээсэн юм. Момо нь төрөхийн хүндрэлээр өөд болсон шувуу мэт хүн гэнэ. Түүний зураг анх Инстаграм орчинд орж олон нийтэд тархсан ба саяхнаас бага насны хүүхдүүд рүү “Момо челленж” нэртэйгээр чиглэж эхэлжээ.

Голдуу “Youtube” сувгийн видео дундуур гэнэт гарч ирэн хүүхдүүдэд амиа хорлох заавар өгдөг. Тэгвэл өчигдрөөс эхлэн цахим орчинд эцэг, эхчүүдэд анхааруулга өгсөн мэдээнүүд гарч эхэллээ. Тухайлбал, Исландын цагдаагийн газар иргэддээ албан ёсоор сэрэмжлүүлэг хүргэсэн байдаг.

“Момо челленж” нь 2 жилийн өмнө гарч байсан “Цэнхэр Халим челлэнж”-тэй төстэй. Гэхдээ бага насны хүүхдүүдэд шууд амиа хорлохыг тушаадаггүй аж. Шингэн үстэй, бүлтгэр нүд, жижиг хамар, аймшигтайгаар зурайсан амтай Момо  гэрийнхнийг нь унтаж байхад хүүхдүүдийг эм олноор нь уу, гараа юугаар яаж зүсэх вэ, сэрээ залгуур луу хийх гэх мэтийн өөрсдийгөө гэмтээх, өвтгөх зүйлс буюу эцсийн дүнд амиа алдаж болзошгүй нөхцөлд байдалд оруулахуйц зүйлийг туршихыг, бас хийхийг санал болгодог. Зааврыг дагахгүй бол “Унтаж байхад чинь очоод чамайг болон аав, ээжийг чинь ална” гэх мэтээр сүрдүүлж дүрмийг зөрчиж гэр бүлдээ юу ч хэлж болохгүй гэж дарамталдаг. 

Момо нь “Minecraft”, “Peppa Pig” болон өөр олон хүүхдийн бичлэг дотроос гэнэт гарч ирж байна. Одоогоор “Youtube” үүнтэй тэмцэж, өдөрт 400 гаруй хаягийг хааж байгаа юм. Үүний цаана мэдээж ямар нэг гаж хүсэл, сонирхолтой хакерууд байх нь тодорхой.

Момо нь анх Испани хэл дээр тавигдаж байсан бол саяхнаас Англи хэлтэй видеонууд руу орж иржээ. Албан бус эх сурвалжаар Аргентинд 12 настай нэг хүүхэд Момо-гоос болж амиа хорлосон гэх мэдээ байна. Дэлхийн ихэнх улс орнуудад Момо-гийн тухай албан ёсоор анхааруулж, сэрэмжилж байна.

Манай улсад зарим эцэг, эхчүүд хүүхдээсээ “ Чи Момо-г таних уу?” гэж асуухад танина гэж хариулсан тухай Фэйсбүүк дээр нийтлэгдсэн байсан юм. Азаар Англи хэл мэддэггүй хүүхдүүд их тул өөрийгөө хохироож, түүнд автсан тохиолдол гараагүй байна.

Та ч мөн хүүхдийнхээ юу үзэж байгааг анхаарч, Момо-г таних эсэхийг асуух хэрэгтэй. Магадгүй таны өсвөр насны хүүхэд гадны нөлөөнд автан, сэтгэл зүйн гутралд орчихсон явж байгааг хэн ч үгүйсгэхгүй юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах хэрэгтэйг  анхааруулья. 0088-аар эхэлсэн зөвхөн 8 тоотой дугаараас залгасан тохиолдол хүртэл бий. Иймээс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, юу үзэж, сонирхож буй талаар анхаарал тавьж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийг эцэг эхчүүдээсээ хүсье.

FACT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.