Австралийн 40 хоногийн “амралт” 0.8 сая тонны цоорхой­ үүсгэнэ


ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ЭКСПОРТОО ӨСГӨХ ЭСЭХ НЬ БИДНЭЭС ХАМААРНА

Хятадыг бараадан бараг хагас жаран жил хөгжиж буй Австрали улс хилийн хэсэгчилсэн хоригтой нүүр тулаад байна. БНХАУ хоёрдугаар сарын 1-нээс Далянь боомтоор дамждаг Австралийн нүүрсний импортыг хориглосныг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус боомтын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг дахин 40 хоногоор сунгасныг зарим эх сурвалж онцолж байна.

Хятадын Далянь боомтоор ОХУ, Индонез зэрэг улс нүүрс нийлүүлдэг атал яагаад зөвхөн Австралийн нүүрсийг хязгаарлаж буй нь олон улсын ажиглагчид болон шинжээчдийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр Хятадын талаас уг хязгаарлалтыг хяналт шалгалт хэмээн тайлбарлаж буй ч энэ нь өмнөд хөршийн Huawei компанид тавьсан Австрали улс хоригийн хариу хориг хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.

Нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Австрали улс энэ төрлийн түүхий эдийн нийт экспортынхоо хоёр орчим хувийг далянь боомтоор гаргадаг. 

Хятад яагаад Австралид хатуурхаж буйг тайлбарласан олон талын таамаг, дүгнэлт дэлхийн төдийгүй манай дотоодын хэвлэлүүдээр хөвөрч буй тул үүнийг түр орхиё.

Эхлээд Хятадын Далянь боомтын нийлүүлэлтийг сар гаруй хойшлуулснаар хэдий хэмжээний нийлүүлэлт гацахыг тооцох гээд үзье. Нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Австрали улс энэ төрлийн түүхий эдийн нийт экспортынхоо хоёр орчим хувийг далянь боомтоор гаргадаг.

Өнгөрсөн онд тус улс гол зах зээлүүддээ нийт 390 сая орчим тонн нүүрс нийлүүлсэн гэж тооцвол жилд дунджаар 7-8 сая түүхий эдийг Австрали Даляниар дамжуулан БНХАУ-д экспортолсон болж таарч байна. Мөн Далянь дахь хориг сар гаруй буюу 40 хоногоор сунгагдсан гэж тооцвол ойролцоогоор 0.8 сая тонны нийлүүлэлт саатаж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын сүүлчээс ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Хятадын нүүрсний зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй нийлүүлэлтийн цоорхой үүснэ гэсэн үг.

Ингэснээр урд хөршийн зах зээлд Австралитай өрсөлддөг ОХУ, Монгол, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх боломж үүсэх юм. Гэхдээ бидний нийлүүлэлтээ нэмэх хугацаа нь үүлэн чөлөөний нар шиг богино буюу гуравдугаар сар л байна. Энэ хугацаанд монголчууд бид эрвийх дэрвийхээрээ хичээвэл нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадна. Эс бөгөөс Хятадын нүүрсний зах зээлийн аварга машин Австрали буцаад л өрсөлдөөний талбарт эргэн ирнэ.

Цаашид ч Австрали Huawei-д хатуурхахын хэрээр Хятад ч нүүрснээс нь нүүр буруулсан хэвээр байна гэж BI тэргүүтэй байгууллагын шинжээчид үзэж байгаа юм. 

Дээрээс нь багагүй хугацаанд амарсан Австрали улс хоригийн хугацаа дуусмагц шархаа нөхөхийн тулд энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн нийлүүлэлтээ эрчимжүүлэх гэж аль байдгаараа хичээх нь тодорхой. Ингэснээр оны эхний хагаст экспортоо өсгөж байсан бусад орны нийлүүлэлт 2019 оны эцэст хумигдаж болзошгүй. Тиймээс бид юу юуны туханд хүрэлгүй баярлах болоогүй.

Гэхдээ гутрах болоогүй ээ. Далянь бол дохио гэдгийг шинжээчид сануулж байгаа. Австрали улс 5G үйлчилгээнд БНХАУ-ын Huawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзсан нь өмнөд хөрш тус улсын нүүрсийг нүд үзүүрлэхэд хүргэсэн. Цаашид ч Австрали Huawei-д хатуурхахын хэрээр Хятад ч нүүрснээс нь нүүр буруулсан хэвээр байна гэж BI тэргүүтэй байгууллагын шинжээчид үзэж байгаа юм.

Хэдийгээр Хятад улс нүүрэн дээрээ байгаль орчныг хамгаалах зорилгоор Австралийн нүүрсний импортод хяналт тавьж буй хэмээн мэдэгдэж байгаа ч Америкийн араас хошууран, Нuawei-г хориглохгүй байхыг Австрали тэргүүтэй орнуудад өмнө нь анхааруулж байсан юм. Гэвч Австрали, Шинэ Зеланд зэрэг улс уг сануулгыг нь үл тоон, Нuawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү Австралийн нүүрс импортын хэсэгчилсэн хязгаарлалттай нүүр тулсантай зэрэгцээд дайран дээр давс гэгчээр нүүрсийг хумих хуй салхи тус улсын төслүүдийг бут ниргээд байна. Австралийн хууль хяналтын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас шинэ уурхайн төслүүдэд хатуурхаж, хаалт, хяналт тавьж эхэлжээ.

• Далянь дахь хориг сар гаруй буюу 40 хоногоор сунгагдсан гэж тооцвол ойролцоогоор 0.8 сая тонны нийлүүлэлт саатаж мэдэхээр байна.
• Хоёрдугаар сарын сүүлчээс ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Хятадын нүүрсний зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй нийлүүлэлтийн цоорхой үүснэ гэсэн үг.
• Урд хөршийн зах зээлд Австралитай өрсөлддөг ОХУ, Монгол, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх боломж үүснэ.

Австралийн Засгийн газар дотоодын нүүрсний салбараа дэмжихийн тулд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг төслүүдэд олгосон. Гэтэл нүүрснээс нүүр буруулах дэлхий нийтийн санаачилга энэ төслийн ирээдүйг улам баргар болгож буй аж. “Дэлхий даяар нүүрснээс нүүр буруулж буй нь худалдан авагч олоход хэцүү бол тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэрэг байхгүй” хэмээн Fat Prophet’s консалтинг фирмийн уул уурхайн шинжээч Дэвид Леннокс хэлсэн байна.

Ер нь цөөнгүй төсөл санхүүжилт болон байгаль орчны хяналттай нүүр тулаад байгаа. Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльсийн хантер хөндий дэх United Wambo төслийн хөрөнгө оруулагчид нь гүйцэтгэгчдээс Парисын уур амьсгалын хэлэлцээрээр  хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлжээ.

Ийнхүү нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт ордог аварга нийлүүлэгч болох Австралийн олборлолт болон экспорт буурч мэдэх дохио өглөө. Энэ хэрээр богино болон дунд хугацаанд Монгол шиг бусад нийлүүлэгчдэд боломж нээгдэж болох талтай.

Нөгөө талаас, хөрөнгө оруулагчид нүүрсний салбараас гар татаж эхэлсэн нь Монголчууд бидний анхаарах ёстой нэг дохио. Хэдийгээр нүүрсний зах зээлийн байдал богино хугацаанд манай талд байгаа ч олдсон энэ боломжоо томоотой байж байгаад чулуу болгож ашиглаад, нүүрсний экспортоо нэмэх эсэх нь Хятад, Австралиас бус монголчууд биднээс хамгийн их хамаарах биз ээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.