Найм, арвын зөрүү буюу надад үлдэх 20 хувь


Найм, арвын зөрүү буюу надад үлдэх 20 хувьМАН-ын УИХ дахь бүлгээс өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг олон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид оролцсон юм.

Тэд эдийн засаг хүндэрсэн үед НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж байгаа нь бизнесийг боомилж байна гэж энэ үеэр төрийн түшээдэд хэлнэ лээ. Үүнээс болж олон ч аж ахуйн нэгж үүдээ барьж буй гэнэ. Харин УИХ дахь МАН-ын гишүүд уг асуудлыг бүлгээрээ хэлэлцэж, шийдэх арга зам олно гэсэн хариу өгөв.

НӨАТ-ын хууль бизнес эрхлэгчдэд хэрхэн дарамт болж байна вэ? Ер нь НӨАТ гэж юу вэ? Энэ бол эцсийн хэрэглээнд ногддог татвар. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэн НӨАТ төлдөг. Харин худалдаа, үйлчилгээ эрхлэгчид иргэдийн татварыг цуглуулж, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.

Хуульд зааснаар тэднийг татвар суутган төлөгч гэх бөгөөд тодорхой хугацааны орлого нь 50 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүрсэн аж ахуйн нэгж энэ ангилалд харьяалагдана. Хэрэглэгчээс НӨАТ-ыг хэрхэн хураадаг талаар гурилын үйлдвэр, талхны цех, дэлгүүр, худалдан авагч гэсэн дамжлагатай жишээ авъя.

Үйлдвэр нэг кг гурилаа 1000 төгрөгөөр үнэлж, НӨАТ-ын 100 төгрөгийг нэмээд нарийн боовны цехэд 1100-гаар худалдав. Харин цехээс гарсан талх 1400 төгрөгийн үнэтэй бөгөөд мөн л НӨАТ-ын 10 хувийг шингээн 1540-өөр дэлгүүрт нийлүүлнэ. Дэлгүүрийн худалдагч талхыг 1870 төгрөгөөр иргэдэд худалдлаа. Үүний 170 төгрөг нь НӨАТ юм. Эндээс үйлдвэр 100, цех 40, дэлгүүр 30 төгрөгийг төсөвт төлнө.

Өөрөөр хэлбэл, цех 1400 төгрөгийн үнэтэй талхаа НӨАТ-ын 140 төгрөг шингээн 1540 төгрөгөөр дэлгүүрт зарсан гэсэн үг. Ингэхдээ улсад 140 төгрөгийн татвар тушаах ёстой боловч үйлдвэрээс 1100 төгрөгөөр авсан гурилын 100 төгрөг нь буюу бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан татвараа хасан тооцож, үлдсэн 40-ийг нь тушаана гэсэн үг.

Талханд шингэсэн 170 төгрөгийн НӨАТ-ыг үйлдвэр, цех, дэлгүүрийн аль нь ч биш хэрэглэгч л төлж буй юм. Энэ тохиолдолд НӨАТ нь бизнес эрхлэгчдэд гэхээс илүү иргэдэд ачаа болж, тэдний халааснаас л гардаг аж.

НӨАТ-ЫН ХУУЛЬ БИЗНЕСИЙГ ХЭРХЭН БООМИЛОВ

НӨАТ-ын тухай хууль энэ оноос шинээр хэрэгжиж буй зүйл биш. Өмнө нь байсан хуулийг шинэчлэн найруулсан нь энэ оноос хэрэгжлээ. Энэ хуулийн гол өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэхээс гадна татвар төлж буй иргэдээ урамшуулах зорилготой хэмээн Гааль, татварын ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Аж ахуйн нэгжүүд иргэдээс суутган авсан татвараа төсөвт шилжүүлэхдээ өөрсдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний татварыг хасаж тооцдог.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан жишээнээс харахад цех 1100 төгрөгөөр авсан гурилаараа талх хийж 1400 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ цехийн эзэн гурилын үйлдвэрээс авсан бүтээгдэхүүнийхээ үнээс 100 төгрөгийг хасаж 40 төгрөгийн НӨАТ төлнө. Энэ мэтчлэн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт оролцож буй аж ахуйн нэгж төлөх ёстой татвараасаа хасалт хийлгэдэг.

Гэвч татвараа төлж буй иргэнд ямар ч хожоо байгаагүй юм. Харин шинэ хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувийг тухайн оныхоо эцэст буцаан авдаг болов. Иргэн нэг жилийн хугацаанд 100 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бол хоёр саяыг нь буцаан авч болно. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед иргэдэд дарамт биш, харин ч дэмжлэг болох юм.

...Харин шинэ хуулиар иргэд төлсөн татварынхаа 20 хувийг тухайн оныхоо эцэст буцаан авдаг болов. Иргэн нэг жилийн хугацаанд 100 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бол хоёр саяыг нь буцаан авч болно. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед иргэдэд дарамт биш, харин ч дэмжлэг болох юм. Гэхдээ зарим хүний ярьж буй шиг хоёрыг авахын тулд арвыг нэмж төлж байгаа биш, харин өмнө нь төлдөг байсан татварынхаа 20 хувийг нь буцаан авч байгаа л хэрэг...

Гэхдээ зарим хүний ярьж буй шиг хоёрыг авахын тулд арвыг нэмж төлж байгаа биш, харин өмнө нь төлдөг байсан татварынхаа 20 хувийг нь буцаан авч байгаа л хэрэг. Тиймээс иргэд арав, эсвэл түүнээс илүү биш найман хувийн татвар төлдөг болж байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ нэмэгдсэн бус харин ч өмнөхөөсөө буурчээ. Гадаадын олон оронд иргэд нь улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг юм билээ. Манайд л өдий хүртэл ийм жишиг байгаагүй юм.

Уг хууль хэрэгжиж эхлэнгүүт зарим хүн төр нь иргэдийнхээ орлогыг бүртгэх гэж байна хэмээн дургүйцэх хандлагатай байсан. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул "Иргэдийн орлогыг бүртгэж байгаа юм байхгүй. Иргэн зөвхөн өөрийнхөө орлогоор худалдаж авсан баримтаа л бүртгүүлнэ гэж хуульд заагаагүй. Гэр бүл, хамаатан садангийнхныхаа худалдаа үйлчилгээ хийсэн баримтыг нэг дор бүртгүүлээд байж болно. Иргэний мэдээллийг зөвхөн статистик хэлбэрээр л ашиглана. Өөр хэн ч харах боломжгүй” хэмээн ярив.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав саяхан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ "НӨАТ-ын шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр иргэд урамшуулал авах боломж бүрдсэн. Одоо аж ахуйн нэгжүүд техникийн нөхцөлийг хангахгүй бол өрсөлдөөнд ялагдаж, зах зээлээ алдах эрсдэлтэй” хэмээжээ. Хууль хэрэгжсэнээр иргэд хаанаас бараа, үйлчилгээ худалдан авах вэ гэдгээ сонгодог болсон.

НӨАТ-ын баримт олгож буй газраар үйлчлүүлж, татварын урамшуулал авахаас гадна сугалаанд оролцох нь ашигтай учир ийм аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлдэг болов. Ийм тохиолдолд хууль хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн орлого буурах нь тодорхой. Тиймээс л бүх зүйлд НӨАТ-ын хууль буруутай гэж ойлгож буй бололтой.

Уг нь жижиг ч бай, том ч бай баримт хэвлэж, хуулиар олгосон урамшуулал авах боломжийг нь иргэдэд олговол бизнесээ тэлж болох байх. Тэгээд ч Татварын ерөнхий хуульд үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан кассын машин ашиглах үүрэгтэй гэж заасан байдаг.

Энэ оны төсөвт НӨАТ-ын шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхэлснээр төсөвт 140 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж тусгасан байна. Гэхдээ энэ нь иргэн, аж ахуйн нэгжээс нэмж татвар авна гэсэн үг биш. Харин аж ахуйн нэгжүүдийн иргэдээс хураачихаад, төсөвт төвлөрүүлдэггүй завшдаг байсан татварыг авдаг болно гэсэн үг.

Төлсөн татвар нь төсөвт төвлөрч байна уу, эсвэл хэн нэгний халаасанд оров уу гэдгийг мэдэх боломж иргэдэд байгаагүй. Харин баримт нь энэ мөнгө улсын төсөвт орж буйн баталгаа болох юм. Өмнө нь хуурамч падаан бичиж татвараас зугтах оролдлого их гардаг байлаа.

Үүнээс болж шүүхийн хаалга татсан, хуулийн хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж ч цөөнгүй бий. Одоо бол НӨАТ завших боломжгүй болж байна. Тиймээс далд байсан орлого нь ил болж буйд дургүйцэх хүн байхыг үгүйсгэхгүй.

Энэ оны нэг болон хоёрдугаар сарын тайланг харахад аж ахуйн нэгжүүдийн орлого өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн дүнтэй гарсан бөгөөд НӨАТ-ын төсөвт эзлэх хэмжээ ч өссөн байна.

Үүнээс гадна хуульд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих заалт орж байгаа гэнэ. Тухайлбал, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд татварын тайлан гаргах ажлыг хөнгөвчлөх, үйл ажиллагаагаа өргөтгөхөөр тоног төхөөрөмж худалдан авч буй бол НӨАТ-аас чөлөөлөх зэрэг олон эерэг өөрчлөлт тусгажээ.

"НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчид энэ хууль хэрэгжсэнээс зарим барааны үнэ нэгээс хоёр дахин, зарим нь 100-200 төгрөгөөр нэмэгдсэн хэмээн ярьсан. Д.Мөнхтуул "Энэ хуулийг мөрдөж буй тохиолдолд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй” гэв. Зардал, өртөг өссөнөөс шалтгаалан үнэ нэмэгддэг.

Гэтэл бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх зүйл байхгүй байхад үнэ өссөн нь юутай холбоотой вэ. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид иргэдэд баримт хэвлэж өгөхийн тулд кассын машин авах шаардлагатай.

Энэ нь 2-3 сая төгрөгийн үнэтэй байхаас гадна 70 мянгын үнэтэйг нь ч ашиглаж болно. Мөн ухаалаг утастай байхад www. ebarimt.mn цахим хуудсыг ашиглан баримт өгөх боломж бий. Тиймээс иргэдэд баримт хэвлэж өгөх нь зардал өсөхөд нөлөөлөхгүй аж.

Н.Санжаасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.