Дөрвийн дөрвөн үрээ хээр хаяад явдаг эцэг хүн байдаг л юм байна
Сайн байна уу? Ээдрээт орчлонгийн жам ёсоор энэ баялаг амьдралын замын дунд учирсан эрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн алс холын цэлгэрхэн нутгаас гар сунган мэндчилж байна. Хачирхалтай бөгөөд ээдрээтэй амьдралын хувь тавилангаар зүс үл таних нэгэн эмэгтэй тантай миний амьдралын түүх холбогдож, эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Тэртээд урсан өнгөрсөн цаг хугацааны урсгалд есөн настай жаахан охин би хүнд өвчний улмаас хайртай ээжийгээ алдчихаад хоёр өнчин дүүгийнхээ хамт хорвоод гурвуулаа бөртийж үлдсэн хатуухан болоод хүндхэн өдрүүд хэдийнээ ард хоцорсон ч алган дээр тавьсан мэт сэтгэлд минь тодхон үлдэж дээ. Тэртээ 1998 оны зуны тэр нэгэн үдэш үнээний зэлэн дээр нагац эгчийн маань “Адьяа миний дүү шинэ ээжтэй болно, ээж гэж дуудаарай” хэмээн хэлсэн тэр үеэс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж билээ. Маргааш нь манайд хойд зүгээс гурван мотоциклоор хүмүүс ирж, баяр ёслол шиг зүйл болж, нэгэн эмэгтэй манайд үлдэж хоцорсон нь та байлаа. Та бид хоёр ээж охин болж амьдрах гэж үзсээр гурван жилийг ардаа орхисон ч бидний харьцаа улам ээдрээтэй болсноор барахгүй биднийг гэх ганцхан аав минь таныг л өмөөрч биднийг зоддог болсон юм даа. Энэ үеэс би таныг үзэн ядаж, энэ хорвоогийн хамгийн муу, өөдгүй хүн гэдгээр төсөөлөн бодох болсон. Бага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа. Таныг өмөөрөн “ Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэр л өдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан даа. Дүү бид хоёрыг сургуульдаа явсан хойгуур та хоёр бага дүүг минь буурин дээрээ орхиод Эрдэнэт хотруу нүүгээд явчихсан байсан. Энэ үеэс аав та хоёрыг үнэхээр их үзэн ядаж ахин хэзээ ч уучлахгүйгээр, дахин хэзээ ч уулзахгүйгээр явсаар хэдийнээ 20-иод жил өнгөрч, би 30 нас хүрчээ. Одоог хүртэл хэн хэн нь тэр хар дарсан өдрүүдийг мартаж чадалгүй явсаар та бид хоёр хэн хэн нь ээж болсон. Одоо тэр хар өдрүүдийг мартаж хоёр биенээ уучлан амьдралдаа харамсах зүйлгүй явахыг л би хүссэн юм. “Намайг уучлаарай” гэсэн энэ үгийг би танд хэлчихвэл сэтгэлийн доторх хүндхэн ачаа минь гээгдэж, онгойх юм шиг санагдаад байх юм. Танаас гуйх бас нэгэн гуйлт бол аавыг минь хайрлан халамжилж, эцсээ хүртэл хамт байгаарай гэж хэлэх гэсэн юм. Үр хүүхдээ хаясан буруутан нэртэй харамсаж амьдардаг байлгүй хөөрхий. Одоо надад аав та хоёрт гомдох зүйл алгаа. Надад болоод хоёр дүүд минь санаа зоволтгүй тайван амьдар даа. Бид сайхан амьдарч байгаа. Та намайг хуримаа хийхэд аавын минь хувцсыг сольж өгөөд дэмжээд явуулчихсан бол би танд маш их баярлах байлаа. Гэхдээ яахав дээ. Зүгээр дээ. Та хоёр бие биенээ энэ яваа насандаа үзэн ядаж бидэн шиг болчихвол бас хэцүү шүү дээ. Танд бид төвөг удаж, сэтгэлийн зовлонд унагасан бол дүү бидэн гурвыг уучлаарай. Бас та бидэн гурвын өмнө гэмшиж явдаг бол, тэгэх хэрэггүй биз дээ. Бидний амьдрал жаргалтай, би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор танд гомдох гомдол минь тайлагдчихсаан. Одоо танаас ганцхан гуйх зүйл бол аавыг минь л хайрлаж яваарай. Энэ богинохон амьдралд сэтгэлийн өргүй сайхан амьдрах юмсан гэж л би бодсон юм. Баяртай.
О.Адьяа. 2019 он
Сэтгэгдэл