Сонгинохайрхан дүүрэгт 123 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд дүүргүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдээлэл хийсэн юм.

 

Мэдээллийнхээ эхэнд Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь нь оршин суудаг.

Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт 2019 онд 123 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийгдэхээр төлөвлөгджээ. Мөн энэ онд 61 төсөл арга хэмжээ эрх шилжин хэрэгжих аж. Энэ жил тус дүүрэгт 22 цэцэрлэг, 11 сургуулийн барилга, өртгөтгөл ашиглалтад орох юм байна.

Сонгинохайрхан дүүрэг нь төсвийн орлогын хүрээнд 2018 онд улсын төсөвт 28.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 39.7 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.3 хувь, нийслэлийн төсөвт 36.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 95 хувь, орон нутгийн төсөвт 9.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13.4 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 138.4 хувь, нийт 74,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 87,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 117,3 хувиар биелүүлжээ.

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс "Иргэдийн оролцоотой- хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн А/104 дүгээр тогтоолоор "Иргэдийн оролцоог дэмжих-Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” жил болгон зарласан байна.

Тус дүүрэгт 3 ээлжээр хичээллэдэг 5 сургууль байгаа аж. Боловсролын салбарт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаас тус дүүрэгт улс, олон улсын тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр 9 сургууль, 6 сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэх юм байна. Эдгээр сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал 8920 хүүхдээр нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 12 дугаар сургуулиас бусад сургууль 2 ээлжээр хичээллэх боломжоор хангагдана гэдгийг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээллийнхээ төгсгөлд "Дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсийг бэхжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх зорилгоор 10.000-аас дээш хүн амтай хороог хувааж, хилийн цэст өөрчлөлт оруулах замаар шинээр 9 хороо байгуулах тооцоо, судалгааг гаргасан. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг 41 хороотой болох юм” гээд уг асуудлыг шийдэж өгөхийн хотын даргаас хүслээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.