Монголчууд эрт үеэс хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай байв. Үүнтэй адил эмийн ургамлыг түүж бэлтгэхдээ амт чанар нь бүрэн боловсорсон үед нь хэрэглэвэл өгөөжөө өгдөг хэмээн үздэг. Сүүлийн үед хүмүүс хавар цас ханзарч яргуй дэлбээлэх цагтаа уралдан түүж, ямаа мэт идэх болсон. Хүч тамираа сэргээж, хоолой, бөөрний гэх мэт элдэв өвчнөөс сэтгийлнэ гэсэн аман яриагаар ийн туйлшрах болсон нь үнэн.
Тэгвэл яргүйг нэг доор олноор нь идвэл ихэнх тохиолдолд могойн яр өвчин тусдаг болохыг уламжлалт анагаах ухаанаар хэдийн баталжээ. Монголчууд үүнийг лусын өвчин гэж нэрлэдэг юм байна. Бүр арваадыг идвэл хоолойны өвчнөөс бүрэн сална гэх яриа газар авчээ. “Малын гаралтай гоц халдварт өвчин хил хязгааргүй тархаж, хөрсний бохирдол Монгол орны хэмжээнд яригдах болсон өнөө үед ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ялангуяа хүүхдэдээ идүүлэх хэрэггүй. Хүүхдийн дархлаа сул байдаг тул хэтдээ ямар ч эрсдэл дагуулж болзошгүй” хэмээн эмч нар сэрэмжлүүлж байна. Уг нь бидний өвөг дээдэс яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж иддэг байжээ.
Яргуй нь холтсон цэцгийнхэн овогт багтдаг бөгөөд хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Үндэс орчмын навчис нь өдлөг, урт үслэг бүхий богино бариултай, навчны бүрээс нь бараг угаа хүртэл цуулбар, шугаман, үзүүртээ гурван шүдлэгтэй. Цэцэг нь том, нарийн, цоморлиг хэлбэртэй. Гадна талаараа үслэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсийн чулуурхаг, хээржүү хажуу, гол горхины эргийн хайрга, хуурайвтар ойн цоорхойд ургадаг. Нийт 35 зүйлийн яргуй байдгаас манай оронд зургаан зүйл нь бий.
Хөрсны гадаргуу өдөртөө 5, шөнөдөө 0 градус болсон үед ургах нөхцөл нь бүрэлддэг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай. Хөх яргуй нь элсэрхэг хөрсөнд, Турчаниновын яргуй нь ойн цоорхойд ургасан байх нь элбэг аж. Ардын эмчилгээнд уг ургамлын газар дээрх хэсэг буюу цэцгийг хатааж хэрэглэдэг. Монголчууд яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэгт хэрэглэж ирсэн байна. Мөн аливаа хорыг тайлах, хүний биеийн хэмийг бариулах, сүрьеэ, хөхүүл ханиад зэрэгт хэрэглэдэг. Төрөлт удааширахад, өвдөлтийг намдаахад мөн хэрэглэдэг юм байна.
Сэтгэгдэл