Гаалийн байгуллагын талаар таагүй мэдээлэл үе үе чих дэлсдэг. Боловсон хүчний бодлого алдагдсан, Гаалийн байгууллагад байхгүй албан тушаал бий болгодог, ажил албаны шалгуураар бус өөр “шалгуураар” орон тоо хэтрүүлэн томилдог гэхчлэн яригддаг.
Харин энэ удаад тэр бүгдийг дурдахыг хойшлуулж зөвхөн Татваргүй барааны дэлгүүрийн талаар тухайлан өгүүлье гэсэн юм.
ГЕГ-ындарга Б.Асралт Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах эрх олгох дүрэм журмыг санаатайгаар зөрчиж нууцаар тушаал гаргасан, үүнээс улбаалан хэдэн тэрбумаар тоологдох татварын орлого зувчуулах боломж олгосон тухай хэвлэл мэдээллээр гарч байсан нь саяхны явдал. Үүнийг тодруулбал, ГЕГ-ын даргын тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар доорхи нэр бүхий дөрвөн компанид татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл олгожээ. Тэдгээр компаниуд нь : “Эй Ди Зэт” ХХК, “Паладинбюлдинг” ХХК, “Ханбүргэдэй “ ХХК, “Империа дюти фрий” ХХК юм.
Дээрхи 4 дэлгүүрийн тусгай зөвшөөрөл 17/06-гаас 17/09-ийн хооронд дугаарлагдсан байгаа бөгөөд харин 17/01- 17/05 гэсэн дугаартай тусгай зөвшөөрлүүд хаана, хэнд хэзээ олгогдсоныг мэдэх хүн ГЕГ-т байхгүй байгаа гэнэ шүү.
Асуудал юунд байна вэ гэхээр тусгай зөвшөөрөл олгох дүрэм журам зөрчиж ямар ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР зөвшөөрөл олгосонд байгаа юм. ГЕГ-ын даргын 2007 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох , сунгах, хүчингүй болгох журам” гэж бий. Гэтэл Б.Асралт дарга энэхүү журмыг зөрчиж, эрх мэдэлдээ эрдэн сонгон шалгаруулалтгүйгээр дээрхи дөрвөн компанид зөвшөөрөл олгожээ. Өөрөөр хэлбэл дээрх журмын 2-т Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтэд:
-Тухайн аж ахуйн нэгж санхүүгийн чадавхитай болохыг тодорхойлох сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан балансыг баталгаажуулсан Аудитын дүгнэлт гаргуулсан байхаас гадна хөрөнгийн хэмжээ нь 500 000 ам доллараас доошгүй байгааг баталгаажуулсан банк татварын байгууллагын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн нотариатроор гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байх.
-Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий компаниас барааг тогтмол нийлүүлэх, түүнчлэн Perfume Hous-тай Depot agreement хийх талаар баталгаа гаргуулсан байх бөгөөд татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны загвар гэрэл зургийг харуулсан каталоги, альбом хавсаргасан байх ба барааны хайрцаг шошго дээр Mongolian dury not paid гэсэн дардастай байх талаар тодорхойлолт гаргасан байх.
-Татваргүй барааны дэлгүүрт худалдаалагдах багц барааны төрлийг барааны ангилал бүрээр гаргасан байх
-Дэлгүүр ажиллуулах худалдааны танхмын талбайн хэмжээ, тавилга гэрэлтүүлэг, бараа хадгалах агуулах гэхчлэн олон шалгуур байх ёстой.
Харин энэ мэт олон шалгуур үзүүлэлтүүдийг дээрхи дөрвөн компанийн аль нь ч хангаагүй, шаардлага хангах материал бүрдүүлээгүй гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон байна.
Мөн 2017 оны 03 дугаар сараас мөн оны 06 дугаар сарын хооронд татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, ямар нэг шалгуур үзүүлэлтгүйгээр нэр бүхий дөрвөн компанид тусгай зөвшөөрөл олгосон асуудал хууль тогтоох дээд байгууллагын сонорт хүрч, улмаар УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт асуулга тавьсан байдаг. Гэтэл Б.Асрал Сангийн сайддаа энэ талаар зориуд худал хуурмаг тайлбар өгч татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох журмаас “сонгон шалгаруулалт ” гэдэг үгийг зориуд хассан тайлбар бичиг хүргүүлжээ.
Түүнчлэн 06 дугаар сард зөвшөөрөл олгосон дээрхи компанийхаа тусгай зөвшөөрлийг эргээд хүчингүй болгосон А/210 дугаар тушаалыг мөн оныхоо 10 дугаар сард гаргасан байна. Гэтэл энэ тусгай зөвшөөрөл олгоод эргээд цуцалсан гэх дээрхи нэр бүхий компаниуд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр тэр цуцалсан гэх шийдвэрийг түр зуур гал намжаах гэж гаргасан болж таарах гээд байгаа юм.
Хууль бус зөвшөөрлийг хүчингүй болгосон нь өөрөө бас хууль бус үйлдлийн баталгаа бөгөөд зөвхөн худалдан борлуулсан олон мянган ам долларын үнэ бүхий онцгой татвартай барааны хуулийн дагуу төлөх ёстой татвараар улсад хохирол учруулж байгаа юм. Ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг л юм болж байна гэсэн үг.
Өөр нэг ноцтой зүйл гэвэл дээрхи 4 дэлгүүрийн тусгай зөвшөөрөл 17/06-гаас 17/09-ийн хооронд дугаарлагдсан байгаа бөгөөд харин 17/01- 17/05 гэсэн дугаартай тусгай зөвшөөрлүүд хаана, хэнд хэзээ олгогдсоныг мэдэх хүн ГЕГ-т байхгүй байгаа гэнэ шүү.
М.Ганхүү
Сэтгэгдэл