Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү. Түүнийг ЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг гэж хэвлэлийнхэн онцолж байна. Учир нь У.Отгонбаяр нь 2006 оноос хойш тасралтгүй арван жил ЖДҮ сангийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. Улс төрийн нөхцөл байдлын хувьд У.Хүрэлсүх сайд ЖДҮ-гийн хэрэг хэмээх энэхүү нарийн зохион байгуулалттай схемийг төрсөн дүү нь У.Отгонбаяраар зохиолгосон байж мэдэх юм. Томоохон улстөрчдийн орооцолдсон ЖДҮ-гийн хар дэвтэр У.Отгонбаярт л байх магадлал тун өндөр. Энэ мэт түүнтэй холбоотой янз бүрийн хар бор мэдээлэл цахим ертөнцөөр дүүрэн байна.
Харин одоо У.Отгонбаяр барилгын салбарыг самарч явна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-тэй холбогдсон хэд хэдэн сайд бий. Түүний нэг Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан. Үг дуу цөөнтэй бэлэгдэлийн шахуу сайдын гар доорх бүх ажлыг Хүкийн төрсөн дүү У.Отгонбаяр гүйцэтгэж байна. Барилгын салбарт олон хэл ам дагуулсан асуудал байгаа. Түүний нэг нь Барилгын тусгай зөвшөөрөл. Барилгын компанид тусгай зөвшөөрөл олгох эрхийг Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бус байгууллагад шилжүүлээд хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус ассоциац нь “Макс өргөө”, “Цаст”, “Жигүүр гранд”, “Эко констракшн”, “Хурд групп” гэх үндэсний томоохон компаниудаас гадна “Зуншин”, “Дун Юань” гэх гадны болон тэр тусмаа хятадуудтай холбоотой олон компанийн мэдэлд тусгай зөвшөөрөл олгох төрийн эрх үүрэг шилжсэн гэж болно. Ерөнхийлөгчөөр нь “МАКС”-ын Д.Цэрэнжигмэд ажилладаг. Гэтэл Барилгын тухай хуульд тусгай зөвшөөрлийн асуудлыг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гээд заачихсан байгаа. Хууль ийм байтал салбарын хамгийн эрх ашиг болсон тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага буюу үйл ажиллагаа нь олигтой ч явдаггүй “цүнхний” холбоонд шилжүүлэх хууль бус ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол У.Отгонбаяр гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тусгай зөвшөөрөл төрийн хяналтаас гарч барилгын компаниудын эздийн холбоонд шилжсэнээрээ цэвэр арилжааны шинж чанартай болсон гэдгийг салбарынхан халаглан ярьж байна. Төрийн ажлыг төрийн бус байгууллагын рүү шилжүүлж бизнес болгосон энэхүү хууль бус үйлдлийг энэ жил дахин хэрэгжүүлэхээр холбогдох гэрээг байгуулжээ. Тусгай зөвшөөрлийг дагасан авилгын хэрэгт хууль хяналтынхан ч анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа. Нэг компани тусгай зөвшөөрөл авахад 190 мянган төгрөг тушаадаг журамтай. Гэтэл ассоциац компаниудын бичиг баримтыг шалгах болгондоо 190 мянган төгрөг авч буй холбогдох дүрэм журмыг зөрчиж буй үйлдэл юм. Өнөөдөр Монголд 6000 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байна.
Ганцхан тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлэх нь олон талын хардалт төрүүлж байна хэмээн барилгын салбарын инженерүүдийн сургалтыг мөн төрийн бус руу тавиад туучхав. Сургалт явуулахаар гэрээ хийсэн төрийн бус байгууллагууд нь өнгөрсөн жилийн хугацаанд хангалтгүй ажилласан гэдгийг салбар инженер техникийн ажилтнууд ярьсаар байхад У.Отгонбаяр гэх нөхөр эрх мэдлээ ашиглан гэрээг дахин нэг жилээр сунгаж төрийн бус байгууллагуудтай сэм хуйвалдан салбарын инженерүүдийг хохироож байна. Инженерүүд нь хаана ямар байгууллагад очиж суралцах нь тодорхой бус байсаар жилийн нүүрийг үзсэн. Энэ жил мөн үргэлжлэх нь.
Барилгын салбарыг мэргэжлийн хүмүүс нь удирдах ёстой. Гэтэл улс төрийн шахааны нөхөд тус яамыг удирдсанаас болж тус салбар уналтад орж байна.
Ж.Балдан
Saihan.mn
Сэтгэгдэл