Завхан/ МОНЦАМЭ/. Завханы Статистикийн хэлтсээс жил бүр салбар бүрд тооцоо судалгаа хийж статистикийн сонин содон мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр түгээдэг ажээ. Тэгвэл өнгөрсөн 2018 оны сонирхолтой судалгааг сэтгүүлчдэд мэдээлэв.
Тухайлбал Завхан аймагт оны эхний нийт малын 27.8 хувьтай тэнцэх 803.8 мянган малыг иргэд хэрэглээндээ зарцуулсан байна. Малын хэрэглээний зарлага өмнөх оноос 207.2 мянган толгойгоор буюу 34.7 хувиар өсжээ.
Малтай нэг өрх дунджаар 66 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар жилд 39 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Малчид жилийн хүнсний хэрэглээндээ таван хошуу малаас хонь, үхэр, ямааг их зарцуулдаг судалгаа гарчээ. Түүнчлэн Улаанбаатар болон бусад газраас хүнсний хэрэглээндээ зарцуулахаар малчдаас жилд дунджаар 30-54 толгой малыг худалдан авдаг байна. Учир нь Завхан аймагт сүүлийн таван жил малын халдварт өвчин гараагүй эрүүл малтай аймаг аж.
Жил ирэх тусам малчдын хэрэглээ нэмэгдэж байна
Завханы малчин өрхийн 94.4 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 96 хувь нь телевизортой байна.
Түүнчлэн нийт малчин өрхийн 94.4 хувь нь сансрын антентай, 89.2 хувь нь авто машинтай, 72.8 хувь нь мотоциклтой байна. Автомашиныг маркаар нь авч үзвэл автомашинтай малчдын 53 хувь нь тэвштэй бага оврын ачааны машинтай бол 26 хувь нь суудлын жижиг болон JEEP маркийн автомашин хөлөглөж байна. Харин үүрэн телефоны утсыг газар нутгийн байрлалаас шалтгаалан тухайн үүрэн телефоны сүлжээ байгаа газар бүрд хэрэглэдэг. Нийт малчин өрхийн 97 хувь нь нэг өрхөд дунджаар хоёроос гурван гар утас хэрэглэдэг судалгаа гарчээ. Гар утсыг маркаар нь авч үзвэл малчдын 60 орчим хувь нь android буюу ухаалаг гар утастай, 10 орчим хувь нь товчтой авч явахад авсаархан, цэнэгээ удаан барьдаг энгийн гар утсыг хэрэглэдэг ажээ. Нийт малчин өрхийн хэрэглээнд 2010 оноос хойш жил бүрийн хэрэглээ өсч аккумлятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгааг гаргажээ.
Завханд хүн амын хүйсийн харьцаа тэнцвэржиж байна
Завхан аймаг 2018 оны эцэст 21.8 мянган өрхийн 72.9 мянган хүн амтай болж өнгөрсөн жилээс өрхийн болон хүн амын тоо 1.5 хувиар өссөн байна.
Хөдөөнөөс хотруу шилжих шилжилт хөдөлгөөн ихэссэн гэсэн мэдээлэл байдаг ч Завхан аймгийн хувьд өнгөрсөн онд Улаанбаатар хот болон, Эрдэнэт, хөрш зэргэлдээ аймгуудаас шилжин ирж суурьших өрхийн тоо нэмэгдсэн нь хүн амын тоонд нөлөөлсөн аж. 2018 онд Завхан аймгаас бусад аймаг, нийслэл рүү 499 хүн шилжин явж 713 хүн бусад аймаг нийслэлээс шилжин ирж суурьшсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шилжилт хөдөлгөөн буурсан эерэг үзүүлэлт харагдаж байгаа. Өнгөрсөн онд 1601 хүүхэд төрсөн нь 1000 хүн амд ногдох төрөлтийн тусгай коэффициент 79.9 болж хүн амын цэвэр өсөлт 1217 болсон байна. Энэ онд хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа олон улс, улсын дундаж түвшинд ойролцоо болж 100 хөвгүүнд 94 охин ногдож байна. 2010 онд нийт хүн амын хүйсийн харьцаа 97.8 хувьтай байсан бол өнгөрсөн онд 98.9 хувьтай болж хүйсийн харьцаа тэнцвэржиж байна хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл