УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байдаг.
Түүнийг УИХ-ын гишүүн байхдаа бусдад хүч хэрэглэж, хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгасан байдаг.
2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас ард түмнээ төлөөлөхөөр их хуралд сонгогдсон залуу гишүүний хувьд аргагүй эрхэнд албан тушаалаас буусан бууж, гишүүн биш болж, харин эрүүгийн гэмт хэрэгтэн болсон юм.
Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу олон нийтийн хараанд хайр найргүй балбуулсан түүний улстөрийн карьер дууслаа гэж ярьж бичиж байсан.
Гишүүний суудлаасаа бууж, гэмт хэрэгт шалгуулж байсан Д.Гантулгын хувьд нэг хэсэг чимээгүй болж байгаад саяхнаас албан тушаалд очсон сурагтай.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч эхлэв. Энэ мэдээлэл ч үнэний ортой аж. Ийнхүү намынхаа генсект зөвлөхөөр болсон тэрбээр өнөөдөр эрх чөлөөтэй нэгэн болов.
Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээд албан тушаал эрхлэх ёсгүй баймаар юм. Гэтэл хэрэг нь нэг мөр шийдэгдсэн аятай ийнхүү зөвлөх хийж явна.
Уг нь Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон хавтаст хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээс хойш олон сар өнгөрчээ. Прокуророос албан тушаалын хэрэг хэмээн үзэж АТГ руу явуулсан байгаа юм. Тэгвэл энэ хэрэг АТГ-т мухардалд орсон талаар эх сурвалж хэлж байна.
Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.
Тэгвэл “хүчингийн” гэх тодотголтой энэ хэрэгт холбогдсон сэжигтэн этгээд Д.Гантулга нь хүчирхийлсэн гэх бүсгүйтэйгээ 200 сая төгрөгөөр тохиролцсон талаар баттай эх сурвалж хэлж байна.
Тиймээс энэ хэрэг шийдэгдэхгүй мухардалд оржээ. Одоо хохирогч болсон эмэгтэй гомдлоо татаж авах уу, эсвэл сэжигтэн этгээд ямар нэгэн сиймхийг ашиглаж, сэмхэн мултрах уу гэдгийг цаг хугацаа харуулах аж.
“Өчнөөн асуудал, цаг хугацаа болчихоод одоо хоорондоо тохиролцсон гээд мөрдөн байцаалт өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа юм. Хуулийн байгууллагыг даапаалж тоглож болдог юм байхдаа хэмээн мөрдөн байцаагч нь цухалдаж байгаа сурагтай.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл